Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

 Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилогчид “гарааны зурхай” руу хөдөллөө. Хэдэн горилогч явааг хэлэхэд хэцүү. Тэдний тоолох аргагүй л байна. Эх сурвалжуудын мэдээлэл, горилогчдын үйл хөдөлгөөнийг харахул, том намуудынх чихэлдчихсэн, жижиг намуудынх дүүрчихсэн л бололтой.

 

Юутай ч хуульд заасанчлан, улс төрийн намууд горилогчдоо шигшиж нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.1-т “...Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. Энэ дагуу тэр ажиллагаа 2024 оны тавдугаар сарын 14-20-ны хооронд явагдахаар болсон байна. Тэгэхээр ирэх өдрүүдэд улс төр, тэр дундаа улс төрийн намуудын дотоодод нэлээд  “халалт” үүсэх нь тодорхой болж байна.

 

Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

 

Ер нь бол аль ч намын хувьд “...Хэн, хаанаас нэр дэвших вэ”, “...Тойрогт уу, жагсаалтаар уу” гэдэг нь аль эрт, 2023 оны сүүл хавиас л хөшигний ард яригдаж эхэлсэн. Гэхдээ энэхүү нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор явагдсан намуудын тэр хөдөлгөөн өчигдрөөс ил гараад эхэллээ.

Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгээс “...Энэхүү хариуцлагатай сонгуульд АН-аас үе үеийн парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, иргэд сонгогчдод илүү танигдсан ардчиллын манлайлагчдадаа хандаж сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг уриалж байна. Харин ардчиллын үнэт зүйлийг тээгч, мэдлэг боловсролтой шинэ үеийнхэн, орон нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ирсэн ардчиллын түүчээлэгчид, эмэгтэйчүүд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь өнөө цагийн нийгмийн шаардлагад бүрэн нийцнэ гэж үзэж байна” гэсэн уриалгыг гаргажээ. Мэдээж, энэ уриалга арчмын хувьд олон нийтэд таалагдана. Гол нь АН-ынханд ч бас тааламжтай хувилбар болж байгаа бололтой. Гэхдээ АН-ынхан тойрогт нэр дэвших хийгээд жагсаалтад бичигдэх хүмүүс дээрээ зарчмын хувьд тохироогүй байгаа гэсэн үг. Тэрийг уг уриалгыг УИХ дахь бүлэг буюу О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нараас гаргаснаас харж болох юм. Энэ бол өмнө нь УИХ-ын гишүүн байсан, сайдаар ажилласан “ах” нар нь жагсаалт руугаа дайраад байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр АН л бүх “эмоц” нь ил байдгаараа ийм уриалга гаргаж байгаа болохоос ийм зарчмын зөрүү МАН-д ч байгаа дуулдсан. Нэг үгээр, намуудын дотоодод “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” гэсэн нанчилдаан өрнөж буй бололтой байна. Ирэх өдрүүдэд улам ширүүснэ.

 

Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

 

Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдээ зарлана. Бие даагчид ч мөн тодорно. СЕХ-нд баримт материалыг нь хүргүүлнэ. Тэр болтол намууд хөл хөдөлгөөн ихтэй л байх шинжтэй. Нам дотроо ч бус нам дамнасан үйл явдлууд ч өрнөх төлөвтэй.

Яагаад гэхээр, Монголын улс төрд удаан жил явж, улс төрийн шийдвэр гаргах түвшинд олон жил ажилласан нэр бүхий хүмүүсийн дунд нэлээд асуудал гараад байгаа аж. Тэдний дунд хэдийнээс “өрсөлдөөн”  бий болсон. Олон нийт ч заримыг нь мэддэг болчихсон.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболд хоёр бол зөрчил тэмцлээ олноос нуухаа больсон. Тэр бүү хэл Х.Баттулга “...Хэрвээ Сү.Батболд нэр дэвшвэл би ч бас үзнэ” гэсэн бол Сү.Батболд “...Х.Баттулга нэр дэвшихгүй бол би ч гэсэн нэр дэвшихгүй” гэж цөөн биш хүнд ярьсан байгаа юм. Х.Баттулга ингэхдээ бас С.Баярцогт, Б.Хурц нарын нэрийг ч дурджээ.

Тэгвэл эдгээр нэр дурдсан хүмүүсийг жагсаалтад бичигдэх байтугай тойрогт нэр дэвших эсэх дээр нам нь ч, олон нийт ч таатай хандахгүй болчихоод байна. Тэднийг монгол хэлний тайлбар тольд тайлсанчлан нэр муутай болсон, нэр хүндээ алдсан гэх буюу “...Нэр үгүй” хүмүүс гэдэг болчихсон.

Тэгээд ч Х.Баттулга нэр дэвших нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд маш муу жишиг тогтооно. Харин Сү.Батболдын тухайд АНУ-ын прокурорын байгууллагаас “...Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй Сү.Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй. Компани нь уул уурхайн гэрээ байгуулсны шагналд ирсэн 68 сая ам.долларыг төвлөрүүлсэн байж болзошгүй” гэж үзээд хөрөнгө хураах нэхэмжлэлийг гаргажээ. Энэ талаар Монголын төрд мэдэгдэл хүрүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Мөн “...Улс төр ч, олон нийт ч жийрхэж залхсан” гэдэг хүмүүсийн албан бус жагсаалтад  нэр дурдагдсан С.Баярцогт, М.Энхболд нар ч оржээ.

С.Баярцогтын шүүхээс ял шийтгүүлсэн асуудал өнөө хэр нь маргаантай хэвээр байгаа юм. М.Энхболдын тухайд шүүхээр шийдвэрлүүлээгүй ч тэгэхэд маш ойртсон хэд хэдэн асуудалтай. Гэхдээ тэрээр энэ сонгуульд нэр дэвших бодолтойгоор нутгийнхнаа, хуучин журмын нөхөдтэйгээ байнга уулзаж, төлөвлөгөө гаргаад ажиллаж эхэлсэн байна.

Энд нэр дурдагсад бол нэр дэвшвэл магнайгаа хагартал баярлах хүн маш цөөхөн л байхаар хүмүүсийн зарим нь юм. Нэг үгээр хэлбэл, намууд ийм хүмүүсээ нэр дэвшүүлэх эсэхээс энэ сонгуульд нэр дэвшигчдийн, цаашлаад шинэ парламентын “өнгө” тодорхойлогдохоор байна.

 

“Нэр үгүй”-чүүд нэр дэвших эсэхийг явж явж СЕХ мэднэ

 

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж өгснөөр, СЕХ-ноос эцсийн шийдвэрийг зургадугаар сарын 1-ний дотор багтааж гаргана.

Ингэхдээ СЕХ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан нэр дэвшигчдийг уг хуулийн 29.3.1-т “...Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, 29.3.2-т “...Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, 29.3.3-т “...Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй”, 29.8-д “...Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, 29.9-д “...Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 29.10-т “...Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзана” хэмээн тус тус заасныг харгалзаж шийднэ.

Харин эдгээр шалгуурын зарим нэгт нь шууд унахаар хүмүүс буюу дээр хэлсэн “нэр үгүйчүүд” МАН, АН-ын аль алиас нэр дэвшихээр өөрийгөө сурталчлан таниулах ажлыг аль хэдийнээс хийгээд эхэлсэн байна. Гэвч ердөө 45 хоногийн дараа “бариа”-нд ирэх хэдэн намын хэчнээн нэр дэвшигчийг “гарааны зурхай”-гаас эргүүлэхийг явж явж СЕХ л шийднэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen