Засгаа барьцаалсан УИХ
Намынхаа зовлонг улс орны зовлон болгон хувиргаж байгаа 65-ын бүлгийн улс төр Засгийн газрыг унагаж мэдэх эрсдэлд авчирлаа. Эрх мэдлийн төлөөх зодоон нь хэдий болтол үргэлжлэхийг хэлэхэд ч бэрхтэй болов.
Яг үнэндээ МАН-д 65 суудал нь зовлон болон хувирч, бие биеэ барьж идэх улс төр болон өндөр авч байна. Тулхтай гэгддэг улстөрчид нь хүртэл танигдахын аргагүй төрөл арилжиж, эрх мэдлийн төлөө улайран давшиж байна. Ийм хууль тогтоогчидтой УИХ-аас супер Засгийн газар байгуулагдаж чадах уу? Эрх мэдэлд шунасан хэдэн нөхрийн амбицыг дарсан төдий танхим л бүрдэх биз.
Сошиал ертөнцөөр тархаж эхэлсэн зарим мэдээллээр одоогийн Засгийн газраас ч долоон дор танхимын дүр зураг харагдах болсон. Бүх сайд нь давхар дээлтэй байж мэдэхээр аж. "Улс орны хувь заяаг бодож байна” гэж уйлах нь холгүй улс төр хийж яваа нөхөд сайдын сэнтийд залрахаар байгаа.
Гэтэл МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар ямар амлалт өглөө. Үндсэн чиглэлийн яамдаас бусдыг дан дээлтэй сайдаар удирдуулах зорилт тавьсан. Харамсалтай нь, ой санамжаа алдсан уу, ард түмнээ басамжилж байгаа нь тэр үү, давхар дээлтэй танхим бүрдүүлэх хар зургаа гаргачихаад буй.
Ардчилсан намынхан ч баярлаж байна гэж жигтэйхэн. Улс төрийн зөвлөлөө шуурхай хуралдуулаад бүлэгтээ Засгийн газрыг огцруулах кноп дарах даалгавар өгч байна.
Үнэндээ ч УИХ дахь 65 Засгийн газраа хайрлахгүй байхад есхөн суудалтай сөрөг хүчин эсрэг байр суурь барьж "тэнэгтэхгүй” л дээ. Ноцоосон галыг нь өрдөөд л сууна. Энэ ч арга барилаараа "Засгийн газрыг цөөнх нь бус эрх баригч хүчин нь унагадаг юм аа” гэдэг хэлц үгийг гаргачихсан бүлгээрээ МАН-д баяр хүргэж, хундага тулгах нь холгүй байна.
Үүнийх нь төлөө сөрөг хүчнийг буруутгах аргагүй. Эрх баригч хүчин дотооддоо учраа олохгүй дайтах тусам нь Ардчилсан намынханд ашигтай. 2020 онд сонгууль зарлахад Ардчилсан намынхан л ард түмнээс хамгийн их дэмжлэг авна.
Дээр нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд 65 хэн нь, хэн бэ гэдгээ ч яруу тодоор таниулсан. Одоо хийж байгаа улс төр нь улам ч увайгүй болгон харагдуулж байгаа. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын концесс нэртэй концертыг ард түмэн өнгөрсөн өвлөөс эхлээд үзсэн. Үзэгдэл бүрийг нь андахгүй болсон.
Чухамдаа бол Засгийн газраас энэ онд нийт найман ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасны зургаа нь өмнөх Засгийн газрын бодлогыг бодит ажил болгох төслүүд юм. Үлдсэн хоёр концессынх нь тухайд нэг нь Дорноговь аймагт барих зам, нөгөө нь Хан-Уул дүүрэгт баригдах 320 ортой төрөх эмнэлэг юм. Гэтэл Ардчилсан намын бодлогыг Ардын нам хэрэгжүүлэх нь алдаа болж хувирсан төдийгүй Засгийн газрыг унагах шалтгаан болж буучихаад байна.
Уг нь бол Улаанбаатар хот төрөх эмнэлгийн хүчин чадлаа дийлэхээ болиод 10 гаруй жилийг үдэж буй. Ачааллаа даадаггүйгээс зарим төрөх эмнэлэг нь нярайлахаар очсон ээжүүдийг хүлээж авалгүй өөр эмнэлэг рүү буцааснаар эндэж байсан харамсалтай хэрэг гарч байсан. Хагалгаа хийлгэн төрсөн эх маргааш нь гэртээ харьж буй нь ор хүрэлцэхгүй байгаатай л холбоотой. Харамсалтай нь, сайдын суудлаас өөр зүйл харахгүй болтлоо амьдралаас тасарчихаад буй улстөрчдөд төрөх эмнэлэг Засгийн газрыг унагах шалтгаан болчихоод байна.
Шадар сайдын хэлснээр Мэргэжлийн Засгийн газрын томилгоо төрийн ордонд бус хувийн компанийн байранд, хундаганы ард шийдэгддэг болсон. Мэргэжлийн Засгийн газар байгуулах үеэс нь энэ асуудлыг дотооддоо сөхөж, хариуцлага ярихгүй яасан юм бэ?
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал нь зөвхөн Засгийн газарт хамаатай гэж хэн гэдэг үзмэрч нь хэлсэн юм. Харин ч нам дотор эхлээд яригдах ёстой хариуцлагыг Засгийн газар луу чирч авчирснаараа улс орны зовлон болгон хувиргаад байгаа биш гэж үү.
Үүнийхээ оронд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тойрогтоо навс ялагдуулсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан нарт хариуцлага тооцож, тэд ч хариуцлагаа үүрчихсэн бол нэртэй, нүүртэй, ёс зүйтэй харагдахгүй юу.
Гэтэл өнөөдөр юу болж хувирч байна, намынхаа зовлонг Засгийн газарт тохчихоод бужигнуулж байна.
Засгийн газраа барьцаалсан ийм улстөрчдийг яах ёстой вэ?
Г.ДАРЬ