Туул гол орчмын 9 тонн хог хаягдлыг цэвэрлэв
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээний аян өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Дүүргийн харьяа хэлтсүүд буюу Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо, Насан туршийн боловсролын төв, Татварын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Статистикийн хэлтэс, Дотоод аудитын газар, Усан спортын сургалтын төв их цэвэрлэгээнд оролцлоо. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангийн офицер ахлагч нар болон хугацаат цэргийн нийт 330 албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож 9 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Дашрамд мэдээллэхэд, Туул голын хог хаягдал цэвэрлэх аян ирэх сарын 16-ны өдөр дуусах юм. Иймд тухайн өдрийн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцож эрүүл, таатай орчинд амьдрахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.