Сирийн дүрвэгч гэр бүл “шинэ хүн”-дээ Ангела Меркель хэмээх нэр хайрлажээ
Германд цагаачилж ирсэн Сирийн гэр бүлийнхэн шинэ хүндээ Германы канцлер Ангела Меркелийн нэрийг өгчээ. Асиа Фарай, Калид Мухаммед нар 4 хүүхдээ дагуулан 2015 онд дүрвэн иржээ. Дүрвэгсдийн хэт их урсгалд дарагдсан Европын улсууд лалын хэт үзлээс болгоомжлон дүрвэгсдийн тоон хязгаар тавих үед ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 800 мянган дүрвэгч хүлээн авахаа зарлаж, тэр шугамаар тус улсад цагаачилсан гэр бүлийнхний нэг нь Калид Мухаммедийнх аж.
Калид, Асиа нарын 5 дахь хүүхэд Ангела энэ сарын 16-нд Мюнстер хотынн Францискус эмнэлэгт мэндэлжээ. ХБНГУ-ын канцлер хатагтай Меркелийн нэрийг хүүхэддээ өгсөн анхны цагаач гэр бүл биш юм. Анх 2015 оны хоёрдугаар сард Хановер хотод суурьшсан Гана улсын иргэн Опелья охиндоо Ангела Меркель Аде хэмээх нэр өгч байжээ.
Дүрвэгсдийн асуудалд нээлттэй, уян хатан бодлогоор хандаж байсныхаа төлөө Германы канцлер Ангела Меркель дүрвэгсэд, цагаачдийн талархлыг хүлээж байсан төдийгүй түүний баримтлаж байсан байр суурь, хийсэн ажил нь 2015 онд Time сэтгүүлийн оны онцлох хүнээр шалгарахад ихээхэн нөлөөлсөн. Үүгээр ч зогсохгүй германчууд канцлертаа сэтгэл хангалуун байж, үргэлж дэмждэг нь түүнийг 10 жил канцлер хийж, Их наймын удирдагч эрчүүд дунд ч нэр хүндтэй байдгаас тодхон харагдана.