ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

 

Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилт тавиад буй. Иргэд, аж ахуйн нэгж ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуул гэх зэрэг чирэгдэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, хүнд суртлыг арилгах захирамж гаргажээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан байна. Харин энэ сарын 21-ээс эхлэн хотын даргын захирамжийн дагуу эдгээр үйлчилгээг иргэд илүү хялбар авах боломж бүрдэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen