БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин Орхон аймагт ажиллалаа
Бүгд найрамдах Хятад ард улсаа Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй албаны хүмүүс манай аймагт ажиллалаа. Тэд БНХАУ-ын оролцоотойгоор манай аймгийн эрчим хүчний салбарт хэрэгжиж төслүүдийн явцтай танилцсан юм.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулааны цахилгаан станцыг 4х12 Мвт-аар өргөтгөх төслийг тус улсын "Харбин электрик интернешнл” компани гүйцэтгэж буй. Уг төслийн хөрөнгө оруулагч нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК нийтдээ 41.8 сая ам.доллар зарцуулж байна. Тус үйлдвэрийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 5-р сард эхэлсэн. Одоогоор 95.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
"Харбин электрик интернешнл” компани уг ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд 11-р сард хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан байна. Одоогоор "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулаан цахилгаан станц 2.5 Мвт-ын 2 ширхэг турбин ашиглаж байгаа юм. Дээрх төслийн хүрээнд тус бүр нь 12 Мвт-ын хүчин чадалтай 4 турбин ашиглалтад оруулна. Ингэснээр нийт хүчин чадал нь 53 Мвт болж өснө.
БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй бүрэлдэхүүн "Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг 50 Мвт-ын өргөтгөлийн төсөлтэй танилцсан. Өнгөрсөн оны 3-р сард уг ажлын шав тавих ёслол болсон. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 53 сая ам.доллар юм. Үүний тодорхой хувийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл эзэлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр тус улсын "Хунан Индустрал Экуйпмент Инстолэйшн” компани шалгараад байгаа юм. Одоогоор уг төслийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурагдсан, тусгайлсан гэрээг удахгүй хийхээр төлөвлөөд байгаа аж.
Элчин сайд Шин Хаймин дээрх төслүүдтэй танилцсаны дараа БНХАУ-ын оролцоотой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд Эрдэнэт хотод амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Үүний хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод шинээр тодорхой төсөл хэрэгжүүлэх асуудлыг судалж буйгаа дуулгалаа.
Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал уулзалтын үеэр тус улстай харилцан ашигтай байдлаар, хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг онцлон хэлсэн. Мөн тус улсын оролцоотойгоор манай хотод хэрэгжиж төслүүд амжилттай үргэлжилж байгаад талархаж буйгаа хэллээ.