ГЭРЭЛ

ГЭРЭЛ

 

Пийшингийн ширэмний заагаар туссан галын гэрэл угаар үнэртсэн умгар гэрийг жаахан ч гэсэн гэрэлтүүлж өгөв. Төгсбаяр унтах гэсэн боловч чадсангүй. Нэлээн хөрвөөж хэвтэж байгаад ерөөсөө хоёулаа босож жаахан юм ярьж сууж байгаад унтах уу даа гээд хувцсаа өмсөөд бослоо. Найз Бороогоо сэрчих вий гэхээс ихэд болгоом
жлон чимээ анир гаргалгүй утасныхаа гэрлийг тусгасаар пийшингийхээ өмнө очин суув. Гарч морь хармаар санагдсан боловч ганцаараа гарахаас айлаа. 

"Говийн шуурга ингээд нэг сард эхэлчихдэг юм байхдаа. Гадаа нүх шиг харанхуй тэгээд бас мөн ч хүйтэн шуурч байна даа. Хоёулаа дулаахан пийшингийхээ хажууд суугаад л байя даа, хайр аа” гэлээ.
- Тэгье.
- Манай Бороо их нойртой хүн юм аа. Уг нь манаа хийж байгаа манаач байтал ингээд унтаад байдаг.
- Чи бид хоёрт найдсан юм байлгүй дээ. Төгсөө минь чи ингэж явахаар эртхэн найз бүсгүйтэй болвол яасан юм бэ дээ? Би сүй тавьсан, удахгүй хуримаа хийх гэж байгаа гэв. 

Төгсөө хэсэг чимээгүй болон пийшингийн амны гурван нүхээр дүрэлзэн асаж буй галыг харан суулаа. Гэтэл чихэнд нь дахиад л "Би найз залуутай хүн шүү дээ” гэдэг үг гадаах шуурганы шуугих чимээтэй холилдон сонсогдлоо. Төгсөө толгойгоо өндийлгөн "Би чиний сэтгэлийг хүндэтгэж байна аа” гэж хэлээд түгдэрснээ араас нь нэлээд шийдэмгий "Сувдаа, би чамайг хэзээ ч мартахгүй ээ. Чи нөхөртэй хүүхэдтэй болсон ч би чамайг мартахгүй, би эхнэртэй хүүхэдтэй болсон ч чамайг мартахгүй. Яагаад гэвэл хайр хэзээ ч дуусдаггүй юм” гэж хэлээд дуугүй болтол ард нь нэг чимээ гарав. Бороо сэржээ. 

"Төгсөө минь дээ дахиад л ганцаараа яриад унасан уу? Унтаж амраач ээ. Чи ингэж ганцаараа ярьж байгаад галзуурчих вий дээ. Эзгүй энэ говьд галзуурч хүнд гай болов доо. Дорноговь аймгийн Айл-баян нүүрсний уурхай дээр манаач хийж байгаа нөгөө Төгсөө оюутан галзуурчихжээ гэж ажлынхан дуулвал юу гэцгээх бол доо гээд” ёжтой нэг инээв. 
- Галзуурах биш ээ. Дэргэд байгаа хүнтэйгээ ярьж болдог байтал дотор байгаа хүнтэйгээ яагаад ярьж болохгүй гэж гээд Бороо руу харлаа.
- За мэдэхгүй юм даа. Одоо унтвал уг нь их зүгээр байна даа хө. 
- Хоёулаа хамт гарч бие засчихаад унтъя.
- Дотор хүнтэйгээ хамт гар даа. Би унтлаа гээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. Төгсөө пийшингийхээ өмнө бодол болон сууна. "Сувд минь нөгөө телевиздээ ажиллаж байгаа болов уу? Ерөөсөө хаалгаа онгойлгоод гарвал энэ ширэмний заагаар тусаж байгаа гэрэл гэрийн үүдийг ингэж гэрэлтүүлж чадах болов уу?” гэсэн хоёр асуулт өөрөөсөө асуугаад өндийлөө.

МУИС-ийн Утга зохиолын ажилтны IV ангийн оюутан Б.Батболд
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen