“БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМЭР ИРГЭДИЙН ДУТУУ УНТРААСАН ТАМХИ, ШҮДЭНЗНЭЭС ҮҮДЭЛТЭЙ”

 
 “БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМЭР ИРГЭДИЙН ДУТУУ УНТРААСАН ТАМХИ, ШҮДЭНЗНЭЭС ҮҮДЭЛТЭЙ”

Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Тиймээс энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. 

 

-Богдхан ууланд сүүлийн саруудад хэдэн удаагийн түймэр гарсан бэ. Улирлын чанартай хуурайшилт гал түймэр гарахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна уу? 

-Хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш Богдхан ууланд нийт 10 удаагийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна.

Зургаадугаар сарын 6-наас хойш л гэхэд яг явган аяллын маршрутын дагуу ойрхон ойрхон таван түймэр гарсан. Энэ таван түймрийг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч унтраасан. Одоо цурмын байдалтай байна. Уулын түймэр хамгийн аюултай байдаг. Энэ түмэр цурмын байдалтай газар доогуур явж байдаг юм. 

-10 удаагийн гал түймэр хэдэн га талбайг хамарсан бэ. Мөн гал түймэр унтраахад ямар хүндрэл, бэрхшээл тулгарав?

-Манай Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг.

Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Хүндрэл бэрхшээл их бий. Хамгийн сүүлд л гэхэд Түргэний эхэд гарсан түймэрт машин очих боломжгүй байсан учраас усаа явган зөөсөн. Гэх мэт хүндрэл бэрхшээлүүд олон байдаг. 10 удаагийн түймрийн эхний гурван түймрээс болж 10 гаруй га талбай шатсан.

Харин одоо цурмын байдалтай байгаа учраас га талбайг тодорхойлох боломжгүй байна. Га талбайг тодорхойлоогүй учраас хохирлын хэмжээг мөн тодорхойлох боломжгүй гэсэн үг.  

-Богдхан ууланд гарч байгаа түймэр ихэвчлэн дутуу унтраасан тамхи, шүдэнзний цогоос үүсдэг гэдэг...

-Тийм. Жишээлбэл, Нүхтэд гарсан түймрийн шалтгаан нь тамхины цог байгаа юм. Тодруулбал, тус газарт харьцангуй амьдралын боломжтой хүмүүс аялал жуулчлалын чиглэлээр, эсвэл лагерийн зориулалтаар байшин бариад амьдардаг. Гэвч харуул, хамгаалалтын ажилтандаа бие засах газар бэлдэж өгөөгүй байсан. Улмаар тэндхийн нэг айлын газрыг харж байсан харуул ил бие засч байгаад тамхиныхаа цогийг алдсан байгаа юм. Мөн Богдхан ууланд аялж явсан гурван залуу мөн л тамхиа асаагаад шүдэнзээ дутуу унтрааснаас болж түймэр гарсан байдаг. Бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг энэ мэт жишээнээс харж болно.

Түүнээс гадна сүүлийн үед гарсан түймрийн эзэн нь олдохгүй байгаа. Уг нь түймэр алдсан хүн нь сэтгэл гаргаад, түүнийгээ мэдэгдээд бидэнтэй хамтарч ажиллаад түймрээ унтраах ёстой юм шүү дээ. Ингэсэн тохиолдолд ирэх хариуцлага нь ч багасдаг. Ер нь эцсийн дүндээ хариуцлагагүй байдлаасаа болж гал алдсан бол түүнийгээ холбогдох газрууд, хүмүүстэй хамтарч унтраах, илүү их талбайг хамраагүй байгаа дээр мэдэгдэх зэрэг сэтгэл гаргахыг л иргэдээс хүсч байна.    

-Богдхан ууланд аялж, амарч байгаа хүмүүс гал  түймэр алдахгүй байх тал дээр хэрхэн анхаарах, сэрэмжлэх ёстой вэ. Богдхан уулыг хамгаалж ажиллаж байгаа хүний хувьд та тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Монголчууд Богдхан ууландаа аялах эрхтэй. Тэгвэл эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагагүй, анхааралгүй байдлаасаа болж уулаа шатаагаад байж болохгүй шүү дээ. Уг нь Богдхан ууланд аялах нөхцлийг бүрдүүлэх гэж БОАЖЯ бодлого барьж, дэд бүтэц бий болгох чиглэлд ажиллаж байгаа. Ингэж ажиллах явцад түймэр тавиад байж болохгүй.

Нөгөө талдаа ганцхан хүний болгоомжгүй байдлаас бий болсон түймрийг унтраахад маш их зардал гардаг. Зөвхөн манай газраас л гэхэд гал түймрийг унтраахад 3 сая төгрөг зарцуулсан. Түүний цаана Онцгой байдал, цагдаагий байгууллага хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгаа юм мэдэхгүй. Мөн хамгийн чухал нь байгаль дэлхийд маш их хэмжээний хохирол учирч байна. Нэг хэсэг нь гал түймэр гаргахгүй гэж тэмцэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж гал гарах нөхцлийг бүрдүүлдэг.

Тэгэхээр бүх хүн сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлж Богд уулаа, байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Хариуцлагатай, анхаарал болгоомжтой байцгаая. Мөн ойн түймэртэй байхад аялж, амрахгүй байхыг зөвлөе. Ойн түймэр газар доогуур явдаг болохоор мод доогуураа шатаад гэнэт унах аюул байдаг. Гал унтраах машины цонхыг мод унаад хагалсан тохиолдол бий учраас ийн сэрэмжлүүлж байна.  

Эх сурвалж: БОАЖЯ


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen