Монгол-Хятадын найрамдалт харилцааны спортын төвтэй боллоо

Монгол-Хятадын найрамдалт харилцааны спортын төвтэй боллоо

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж, байгуулсан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён  Шин Хай Мин, Соёлын зөвлөх Ли Вэй, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга  М.Эрдэнэжаргал, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий  болон  бусад албаныхан оролцсон юм.

Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нь  нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлж улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах үйл ажиллагааг явуулдаг Хүүхдийн төв, Залуучуудын төвтэй нийслэлийн төсөвт асрамж, халамжийн үйлчилгээний цогцолбор байгууллага юм.

Цогцолборт сурч амьдардаг хүүхэд залуус нь хамран суралцах тойргийн цэцэрлэг, ЕБС, коллеж, их, дээд сургуульд суралцахаас гадна төвдөө амьдрах ухааны болон мэргэжлийн сургалтуудад давхар хамрагддаг. Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн "Хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлж зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж  БНХАУ-аас монгол улсад суугаа  ЭСЯ-аас 200 мянган юаны хандиваар  хөл бөмбөгийн спортын иж бүрэн талбайг барьж байгуулахад дэмжлэг үзүүлсэнд  хөл бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд залуус маань талархан хүлээж авлаа. Тус цогцолборын Хөл бөмбөгийн бага, дунд, ахлах  насны ангиллын багийн тамирчин хүүхдүүд маань улс нийслэлийн олон уралдаан тэмцээнд 2010 оноос хойш тасралтгүй амжилттай оролцон, үндэсний лиг, шигшээ багийн тамирчдыг түрүүлэн гаргасан билээ. Хөл бөмбөгийн хүүхдүүд өөрсдийн гэсэн зориулалтын талбайтай болсноор бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэж, их спортдоо улам их амжилт гаргах урам зориг дүүрэн байна.  БНХАУ-аас Монгол Улсад суугаа  ЭСЯ-ны хамт олон  2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл зорилтот бүлгийн хүүхэд залуусын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, оюутнуудад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн хоёр улсын найрамдалт харилцааг улам өргөжүүлж,  хамтран ажиллаж ирсэнд нийслэлийн төр захиргааны байгууллага болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг манай цогцолборын хамт олон талархаж байдаг юм” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen