“Монгол хүүхдүүд”

“Монгол хүүхдүүд”

 

Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хүүхэд багачуудын дуу хуур, инээд хөөр цалгиж байна.

 

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн "Монгол хүүхдүүд” арга хэмжээг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулж байна. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцлоо.

 

Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэллээ. Мөн хүндэтгэлийн тоглолт, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлангийн сурагчдын тоглолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын танилцуулга тоглолт зэрэг болж байна. Энэ жил Монгол Улсын Засгийн газар "Хүүхдийн эрхийг хамгаалах хууль”-ийн баталж, хүүхдийн амьдрах, сурч хүмүүжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсаныг Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо. Түүнчлэн "Залуучуудын тухай хууль”-ийг мөн баталж, хүүхэд залуусын хөгжлийн төлөө цогц бодлогыг бий бодлогыг бий болгосныг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн юм.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ "Өнөөдөр хүүхэд багачууд юу хүсч, юу бодож байгааг хамтдаа сонсож, түүнийг бид хүүхдийн төлөө хийх бодлогодоо тусгах шаардлага байна. "Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хамгийн том байр суурийг хүүхдүүд эзэлж байгаа. "Аз жаргалтай үрс” хөтөлбөрийг бид дэвгүүлсэн.  Хүүхдүүд сурч боловсрох эрхээр хангагдах ёстой. Сургууль завсардах, цэцэрлэг хүрэлцээгүй гээд олон асуудал бий. Ирэх 4 жилд бид Улаанбаатар хотын бүх хороонд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөж байна.” хэмээгээд хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд монголын бүх хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ. "Миний хувьд ч хүүхдийн баяр бол хамгийн сайхан дурсгалтай баяр байсаар ирсэн. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хотоо "Аз жаргалтай Улаанбаатар” болгох зорилт тавьж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хотын даргын тухайд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албыг хашдаг. Тийм ч учраас хүүхдүлүд сурч боловсрох, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэйгээ нягт хамтран ажилладаг орчныг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг тусган хэрэгжүүлж эхэлсэн.” хэмээлээ.

Хүүхдийн эрхийн өдрийг өдгөө дэлхийн 40 гаруй орон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Улс орон бүр өөр өөрийн онцлогтой. Украйн улс маш өргөн цар хүрээтэй наадам зохион байгуулж, шилдэг хүүхдүүдэд Засгийн газрын шагнал олгоно. Польш улсад үзвэр үйлчилгээ, худалдааны газрууд хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж телевиз зөвхөн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэнэ. Мозамбик улсын Засгийн газраас зорилтот бүлгийн хүүхдүүдэд амин дэм, амттан өгнө. Харин Лаосчууд хүүхдийг сүмд мөргүүлж, элдэв муу ёрын сүнсийг үргээх зорилгоор хонх цохино. Дараа нь гэр бүлээрээ цуглаж баярлацгаана. Никарагуа улс өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч ерөнхийлөгч нь хүүхдүүддээ зориулан мэндчилгээ дэвшүүлнэ.

 

Харин Европийн орнууд болох Германд есдүгээр сарын 20, Кубад долоодугаар сарын эхний ням гарагт, Бразильд 10 дугаар сарын 12, Мексик улс дөрөвдүгээр сарын 30, Япон, Өмнөд Солонгост тавдугаар сарын 5-нд, Турк дөрөвдүгээр сарын 23, Нигерь улс тавдугаар сарын 27, Иранд 10 дугаар сарын 8, Камеронд 12 дугаар сарын 25, Египет, Финлянд, Канад, Ирланд улсад 11 дүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг байна.

 

Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг. 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр 65 дахь онтойгоо золгож байгаа юм.

http://www.shuud.mn/content/read/484067.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen