Худал мэдээлэл тараасан этгээдийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрээр "Facebook” хуудсаар тарсан мэдээлэл худал болохыг гишүүн албан ёсоор мэдээлсэн. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор зориудаар худал мэдээлэл тараах, олон нийтийг сандралд оруулах оролдлогууд газар авч байгааг тэрээр анхааруулан, энэ асуудлаар ТЕГ-т хандсан гэдгээ мэдээлээд байгаа. Тэгвэл үүнээс хоёр долоо хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэр бүхий хаягаас мөн ижил агуулгатай хуурамч мэдээлэл тараасан этгээдийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна. Сэжигтний зориудаар тараасан мэдээлэл нь Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх агуулгатай байсан учраас Сангийн яам болон Монголбанк яаралтай арга хэмжээ авч, тус мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдээлж байсан. Харин холбогдох хүчний байгууллага сэжигтэн нь 34 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н болохыг шуурхай тогтоож, 24 цагийн дотор илрүүлээд байсан юм. Тэрээр компьютерийн тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролдсон тухай бид мэдээлж байсан. Харин дотоод эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, мөрдөн шалгалтын дүнд түүнд дор хаяж 3 зүйл ангиар хариуцлага тооцож магадгүй байгаа бөгөөд 5-15 жилийн хорих ял шийтгүүлж магадгүй байгаа юм.
Түүний үйлдэл нь хэдий аж ахуйн нэгжийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэт боловч, улс орны сан хөмрөгийг барьж, сангийн бодлогыг тодорхойлдог Сангийн сайдын нэрийг барьж, Монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон банк санхүүгийн байгууллагыг доголдуулах, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулах санаатай үйлдэл байсан тул сэжигтний үйлдлийг хэд хэдэн зүйлээр зүйлчлэхээр болсон байна.
Тухайлбал, түүний худал мэдээлэл тараасан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар "худал ташаа мэдээллийг олон нийтэд тараасан буюу цахим хуудсаар тараасан” бол гурваас зургаан сар хүртэл баривчлах ял ногдуулах заалтад хамаарч байна. Хэрвээ иргэн Н нь хэвлэл мэдээлэлд мэдээлсэн шиг өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө нэхсэн буюу шантаажилж байсан бол түүний энэ хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-т "бусдын нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараахаар заналхийлж, эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан болон түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэнбол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” онц хүнд гэмт хэрэг юм.
Түүгээр ч зогсохгүй, банк, санхүүгийн байгууллага нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй, бие даасан байдлыг хангадаг гол тулгуур салбар тул арилжааны банк дампуурна гэх худал мэдээлэл олон нийтэд тарааснаар ард иргэд сандарч, үндэсний төлбөр тооцоо тасалдах зэрэг эдийн засагт томоохон хохирол учрах эрсдэлтэй. Иймд сэжигтэн Н-ын энэхүү санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85.1-т "Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан онц ноцтой гэмт хэргийн шинжийг мөн агуулж болзошгүй байна.
Эх сурвалж: 24 tsag.mn
Сэтгүүлч Ш.Даваа