МОНГОЛ ОРНЫ НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 76.8 ХУВИЙГ ЦӨЛЖИЛТИЙН АЮУЛ НӨМӨРЧЭЭ

МОНГОЛ ОРНЫ НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 76.8 ХУВИЙГ ЦӨЛЖИЛТИЙН АЮУЛ НӨМӨРЧЭЭ

 

Монгол орны цаг агаар ердөө гуравхан жилийн дараа буюу 2020 он гэхэд бараг таван градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн байдлаар буюу 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африк шиг халах хэмжээнд хүрнэ гэсэн таамаг бодитоор биелэх магадлал улам бүр нэмэгдсээр байна. Цөлжилт зөвхөн Монголыг залгиж эхлээгүй.
 
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал дэлхийн олон оронд гамшиг дагуулж, хуурайшил, цөлжилтийн хамрах хүрээ маш хурдан тэлсээр байгаа. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг эзлэх болсон бөгөөд энд хоёр тэрбум хүн амьдарч байна. Цөлжилт, газрын доройтлоос үүдсэн эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Манай улс Төв Азийн орнуудаас хамгийн ихээр цөлжсөн улсуудын тэргүүнд бичигдэж байна.
 
Судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувьд нь цөлжилтийн аюул учирчээ. Тодруулбал Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланд туссан зарим тоо, баримтыг танилцуулсан. Үүнд, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76,8% цөлжилтөд өртсөн. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байгаа гэлээ.
 
Уг нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд зориулж зарцуулдаг улсын төсвийн хөрөнгийн хэмжээ сүүлийн жил үүдэд тасралтгүй өссөн. Мөн олон улсын байгууллага, донор орнуудын тусламж дэмжлэгийн мөнгөн дүнг тооцвол маш их тоо гарна. Гэвч үр дүн нь хангалтгүй. Томоохон төслүүдээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Японы "J-Green” байгууллагаас "Газрын тогтвортой менежмент”, "Бэлчээрийн тогтвортой менежмент”, "Цөлжилтийг сааруулах төсөл”, БНСУ-ын "Ногоон хэрэм” зэргийг дурдаж болно. Гэвч эдгээр нь үр дүнгээ өгөөгүй нь жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийн тайлан мэдээнээс харагдаж байгаа юм.
 
Дулааралтай холбоотойгоор мөнх цэвдгийн гэсэлт ихсээд буй. Мөсөн голуудын талбай багасах, нимгэрэх шинж тэмдэг ажиглагдаад эхэлсэн. Хэрвээ гэсэлт тасралтгүй үргэлжилбэл Монгол орны цэвдгийн хэмжээ 2080 он гэхэд ердөө таван хувь болж буурах төлөв бий. Энэ нь манай орон газрынхаа гүнээс хатаж эхлэх дохио юм.
 
Б.Сансар
olloo.mn
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen