АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДУГААР ХУРАЛДААНААР АЙМГИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОВ
Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 7 дугаар Хуралдаан өнөөдөр /2017.05.05/ хуралдаж, 87,1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ: "Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд бид орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж, үр ашигтай ажиллах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлэн тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь та бидний эрхэм зорилт билээ.
Өнөөдрийн хуралдаанаар "Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцүүлж, Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах болно” хэмээн онцлоод аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 6 дахь удаагийн Хуралдаанаас хойш Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол болон хэрэгжилтийн талаарх мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ.Хуралдаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат "Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай илтгэсэн юм.
Тэрбээр "2017 оны 04 үгээр сарын 14-ний өдөр "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдаж, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 102.9 сая төгрөгөөр нэмэгдэн, орон нутгийн төсвийн суурь зарлага 2.6 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 173.1 сая төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлэг 38.2 сая төгрөгөөр тус тус буурсан.
Тиймээс "Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагыг үндэслэн аймгийн 2017оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн” гэв.
Мөн аймгийн 2017 оны төсвийн тодотголд аймгийн Аудитын газраас өгөх саналыг Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ч.Чүлтэмбат, аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны санал дүгнэлтийг тус хорооны дарга Б.Жавхлан нар тус тус танилцууллаа.