Тэжээвэр нохдод нэр хаяггүй туулга уулгаснаас олон тооны нохой үхлээ

Тэжээвэр нохдод нэр хаяггүй туулга уулгаснаас олон тооны нохой үхлээ

 

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн мал эмнэлгийн газраас нохой бүртгэлжүүлэх, гэрчилгээ олгож пайзжуулах, эрүүл мэндийн үзлэгт оруулж галзуу өвчний вакцин хийх ажлыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооноос эхлүүлсэн байна. Ингэхдээ тус хорооны нохойтой айлуудаар очиж нохойг үзлэгт хамруулан, туулга болон галзуу өвчний вакциныг үнэ төлбөргүй хийжээ.

Айлын тэжээвэр нохдыг вакцинжуулах ажилд, Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Нийслэлийн мал эмнэлгийн халдварт өвчин хариуцсан их эмч Н.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн мал эмнэлгийн газрын дарга Д.Баасанхүү, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Н.Энх-Амгалан, дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр болон 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат нарын бүрэлдэхүүнтэй нийт 44 хүн зургаан баг болон ажилласан байна.

Вакцинжуулалтын ажлын хүрээнд тус хорооны нийт 721 тэжээвэр нохойд вакцин хийхээр төлөвлөснөөс дөрөвдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд 372 нохойд вакцин хийж, туулга уулгажээ. Тус өдрөөс эхлэн айлуудын олон тооны нохой үхэж эхэлсэн тул нохойны эзэд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын баг ажиллажээ. Дүүргийн онцгой байдлын газрын мэдээлснээр, Энэ сарын 22-ны өдрийн 14:00 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд нохой үхээд байна гэх дуудлагыг тус хорооны засаг дарга Насанбат ирүүлсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад 18 дугаар хорооны Яргайт гудамжны дөрвөн айлын зургаан нохой вакцин хийлгэсний дараа үхсэн байсан. Малын эмч нар нохдод вакцин хийж туулга уулгасны улмаас үхсэн байх магадлалтай гэж тайлбарласан бөгөөд "Guadreka-visan” гэх туулга уулгасан гэж тэмдэглүүлсэн байна. Дөрөвдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зургаан нохой үхсэн бөгөөд одоогийн байдлаар үхсэн нохойны тоо нэмэгдэж 30 орчим болоод байгаа аж.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэд дээрх вакцинаас үүдэн зүгээр байсан ноход үхлээ хэмээн мэдээлж байна. Тус хорооны Яргайтын тоот гудамжинд амьдран суух иргэдийн мэдээлж буйгаар "Мал эмнэлгийн газраас манай хорооны нохдод галзуугийн вакцин үнэгүй хийнэ гээд хийсэн. Гэтэл вакцин хийлгэсэн айлуудын нохой шил дараалан үхэж байна. Харин туулга уулгаж, вакцин хийлгээгүй айлын нохойнууд зүгээр байгаа” гэв.

Чингэлтэй дүүргийн мал эмнэлгийн газраас дээрх вакцин болон туулгыг ямар зорилгоор нохдод өгснийг тодруулахаар холбогдоход "Бидэнд энэ талаар мэдээлэх боломж байхгүй. Мэдээлэл олж авсан газраасаа асуух хэрэгтэй. Вакцин болон туулгыг Нийслэлийн мал эмнэлгийн газраас хийх заавар өгсний дагуу хийсэн. Нийслэлээс асуу” хэмээн мэдээлэл өгөхөөс цааргалсан юм.

Харин нийслэлийн мал эмнэлгийн газраас дээрх асуудлыг тодруулах гэсэн боловч эрх бүхий албан тушаалтнууд гадуур ажилтай гэх хариулт өгөв. Тус газрын мэргэжилтний хэлж буйгаар, ноход тураалтай байсан учир туулганы тун хэмжээ хэтэрснээс үхсэн гэх тайлбар өгч байв. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 20 гаруй тооны нохой үхээд байгаа тухай мэдээллийг үгүйсгэж, "Гурван нохой үхсэн” мэдээлэл ирсэн хэмээсэн юм.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмийн сан "Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай "Монгол улсын хууль”, "Мал эмнэлгийн эмийн сангийн бүтэц үйл ажиллагаа MNS 55:45 стандарт”, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-иудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эм, бэлдмэл нь тусгай зөвшөөрөлтэй, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендерт шалгарсан компаниудаас гэрээгээр худалдан авдаг аж. Тухайлбал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, мэдрэл зүрх судасны системийн өвчнийг эмчлэх эм, амьсгалын болон шээс бэлгийн замын өвчнийг эмчлэх эм, антидотууд ба сорбент, хордлого тайлах эм зэрэг 120 нэр төрлийн эм бэлдмэл, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 23 нэр төрлийн вакцин био бэлдмэлийг хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд Засаг даргын захирамж дагуу графикт хугацаанд тараан олгодог байна.

Эх сурвалж мэдээлэхдээ, Чингэлтэй дүүргийн 372 нохойд уулгасан бэлдмэл нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм байж болзошгүй хэмээв. Учир албаныхан мэдээлэхдээ, айлын нохойнуудад Guadreka-visan гэх цагаан өнгөтэй туулга нь өгсөн гэж байгаа боловч иргэдэд шар өнгийн, хаяг шошгогүй туулга тарааж өгсөн байна. Энэхүү шар өнгийн туулга нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байдаг аж.

Энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяатай усаар холбогдож тодруулахад: Яг одоо хуралтай байна. Уулзаж байгаад тодруулга өгье. Уг нь вакцинжуулалтын ач холбогдол их. Өнөөдөр "Өдрийн сонин”-д тайлбар өгнө. Тэрний дараа уулзъя гэв.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen