Онгоцны буудалд буухад л өөдөөс ярвайсан ууртай, хар саарал даавуунд хамаг биеэ боочихсон улс…

Онгоцны буудалд буухад л өөдөөс ярвайсан ууртай, хар саарал даавуунд хамаг биеэ боочихсон улс…

 

Амьдралын үнэнг, сайн сайхан амьдрахсан, ийм муу муухай зүйлээсээ салахсан гээд бичихээр саар юм бичлээ гэцгээх… Цаасан малгай өмсгөөд та нар шүү, та нар шиг бидэн шиг сайн сайхан амьтан байхгүй шүү гээд юм бичвэл сайхан энергитэй зөв юм бичлээ гэцгээх үү, янз нь.

Хэн нэгэн гадаад зохиолчдын хэлсэн ярьсан, эсвэл зохиол шүлгээс нь хуулаад, жаахан өөрчлөөд тавьчихвал чухам мэдлэг боловсролтой тэрэн шиг мундаг амьтан байхгүй гэцгээх. Анна Ахматова, Марина Цветаева, Оросын сонгодгуудаас их олон жилийн турш хуулж бичдэг байсан зарим нэг нь эхнээсээ илрээд байдаг болчихсон ш дээ, мэддэг, уншдаг улсад нь бол.

Мэдлэггүй мэдлэгтэн, боловсроогүй боловсролтон л дүүрэн болохоороо бид ядаж уншсанаа ч ухаарч ойлгохгүй, харснаа ч зөв тунгааж чадахгүй байх. Тиймдээ ч хөгждөг ч үгүй, хөлд ч хэлд ч олигтой орж өгдөггүй аж.

Энерги гэдгээ ч нарийн мэдэхгүй байж л нэг л их энерги нэхсэн улс. Энерги, мацаг, ер нь юу гэнэв нарийн сайн ойлгоогүй байж л туйлширчихна. Ямар ч зүйл дээр шүү дээ.

Онгоцны буудал дээр хөл тавихад л урдаас бөөн ярвайсан, хөмсгөө зангидсан, хар даавуунд биеэ боочихсон хөгшин залуу, эр эмгүй улс дүүрэн. Халтайсан хар, саарлаар дүүрсэн хүмүүс, харжиг яржиг гэсэн зам, хахалдаж чихэлдсэн замбараагүй машин тэрэг, тэгсэн мөртлөө баян, сайхан байхын дон шүгэлцгээсэн.

Юм асуулаа хар яр, цэхэс цэхэс. Урдуур хойгуур нь зөрөх гэлээ дайрчих гээд зүтгэчих.

Идсэн уусан юмныхаа үлдэгдлийг улаан зам дээрээ хаячихдаг улс яасан ч их энерги ярьдаг нэхдэг юм бэ?

Дуртай болгон нь ном бичнэ гэж солиордог шигээ дуртай болгон нь мод цэцэг тариач дээ. Ядаж хавар, зун, намар харж баясах сайхан бус уу.

Сайхан энергиэ ядаж та өөрөө бүрдүүлэл дээ. Наад зах нь хогоо ил хаяхгүй, сайхан инээмсэглэж, баярлалаа, баяртай, уучлаарай, миний буруу, намайг өршөөгөөрэй гэж хэлж сураач дээ.

Гадаадад байгаа Монголчууд нь ч хүртэл бие биетэйгээ таараад олигтойхон мэнд мэдчихэж ч чадахгүй л байна ш дээ, та минь ээ бид.

Бүх хаяг нь шахуу гадаад үгээр бичээстэй. Элдвийн хоолны газар, хэдэн хамтлаг дуучид, үзэж хардаг телевиз нь ч бүгд л нэг гадгаад нэр устай. Дэлхийд байтугай Азидаа ч танигдаж чадахгүй байж тэр олон англи нэрээр яах гэдэг юм бэ? Өөрсөнд маань эх хэл, бахархал алга уу? Хаана амьдраад ч байгаа юм бэ? Монголд юм уу, харьд юм уу?

Улс орноороо шахуу эр, эмгүй л далбайсан хар хувцаснууд хэдэрчихээд л, хадаг яндраараа хамаг модоо хүлчихээд л, хүсээд л, гуйгаад л, залбираад л, найдаад л, горьдоод л, энерги яриад л… Тэртээ тэргүй хоёр мөрөн дээр чинь хөгшин залуу, ухаантай ухаангүй, баян ядуугаас ч хамаарахгүй чөтгөр бурхан хоёр зайдлаад яваа шүү дээ, хүн гэгч хоёр хөлтэй хохимой толгойтой биднийг.

Ямар энерги хүсээд байдгийн тэрнийгээ өөрөө л өөртөө бүрдүүлж, бий болгоно бус уу. Хүсдэг сайхан цагаан энергээ хар толгойгоороо, харах нүдээрээ олж аваач дээ. Сайхан юм уншаад л, сайхан байгальд алхаад байвал хамаг бие чинь сайхан энергээр цэнэглэгдээд байх нь уу янз нь. Тийм бол ажиллаж, сурч, амьдрах гэж зүтгэх шаардлага бидэнд байна уу даа.

Хэн нэгний бичсэн сайн, саар бүхнээс болоод л өөрчлөгдөж савлаж байдаг яасан ч ядарчихсан, өчүүхэн, өрөөл татанхай, өөртөө итгэлгүй энергитэй улс байдаг юм. Тэгж л их сайхан энерги хүсдэг юм бол ядаж таних танихгүй хэн рүү ч хараад ялдам сайхан инээмсэглэж, зураг хөргөө авахуулахдаа ч жаахан ч гэсэн мушийж сур. Язав татав хийцгээчихээд яаж ч сайхан энерги эрчим танд тогтохгүй.

Арай ч дээ, дээд боловсролтой үүдний жижүүр, зөөгч, цэвэрлэгч авна гэсэн зарууд. Америкт гэхэд л Оросын том эрдэмтэн, их сургуулийн профессор хүн хүртэл такси бариад явж буй. Харьд бол яалтай. Харин эх орондоо яах гэж дээд сургуульд 4 жил сурсан юм бэ? Цэвэрлэгч, жижүүр болоход дээд мэргэжлээр яахын бэ?

Гуч хүртэл насны цэвэрхэн сайхан царайлаг, нуруулаг залуучуудыг ажилд авна гэсэн зар байх. Бүх хүн цэвэрхэн, нуруулаг төрдөг үү болиосой. Бид тийм их өндөр, нуруулаг ард түмэн бил үү?

Харин эсрэгээрээ ажил хайж улаа эргэтэл яваа улс нь 40-өөс дээш насныхан байх. Тэдэнд олдож байгаа ажил нь үсрээд үүдний жижүүр. Яаж амьдраад байгаа юм бэ бид, эх орондоо.

Энэ заваанаа бид гадаадын хэн нэгнээр хэлүүлж, бичүүлж, орчлонгийн шившиг, адаг болж байснаас өөрсдөө үүнээ олж хараад бичиж хэлж байсан нь уг нь дээр баймаарсан.

Facebook хэсээд л, хэн нэгэнд юу бичихийг зааж сургаж, сайхан энерги нэхэж байхаар гэрийнхээ цонхыг угаа. Ядаж гэр чинь гэрэл гэгээтэй болно.

Эцэст нь би Монгол хүн учир Монголын маань, монголчуудын маань сайн нь ч, саар нь ч надад ч бас хамааралтайн учир би загас шиг дуугүй байж, харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэт надад ямар хамаатай юм бэ гэж боддоггүй юм, чадах ч үгүй.

Сайхан энерги хүсэгчид минь наад зах нь гэрээ, машинаа цэвэрхэн сайхан байлга. Гэрийнхээ хаалга, цонхыг сайн угааж, арчиж бай.

Найзуудаа инээж, уучлаарай гэж хэлж сурахад ямар ч мөнгө хэрэггүй ээ.

Гараа угаадаг юм бол байнга тосолж, үсээ үргэлж самнаж сур. Наад захын эдгээрийг дадал болгоод хийдэг байхад улс төр, уншсан зүйлээс чинь хамаараад унаад алга болоод, устаад байх энерги, эрчис гэж байдаггүй юм шүү дээ.

Яруу найрагч Хулганайн Тэргэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen