Б.БААСАН: Э.БАТ-ҮҮЛИЙН ХҮҮ ХАР ЗАЛУУГААРАА ЯАЖ ТЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ БОЛЖ, ОФФШОР ДАНС НЭЭСЭН ЮМ БЭ
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ТББ-ын төлөөлөл нэгдэж "Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн” байгуулжээ. Тэд өнгөрсөн сарын 31-ний өдөр төв талбайд томоохон хэмжээний жагсаалыг хийж оффшор бүсэд данстай улс төрчдийг эсэргүүцэн жагссан билээ. Тэгвэл өнөөдөр мэдээлэл хийж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тухайлбал, Оффшортой холбогдсон С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг үүсгэгдсэн ч прокурорын шатанд удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд албан ёсоор мэдээлэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг МУ-ын Ерөнхийлөгчөөс хүслээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын даргынхаа бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлагаар улс төрийн тусгай нөхцөл байдлыг соргогоор дүгнэн үзэж, оффшор данстай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017.04.10-ны дотор багтаан өргөн барихыг шаардсан хуудсыг хүргүүллээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Б.Баасан "Монгол улс хэдхэн оффшорчдоос болж дампуурах ёсгүй улс. Иймд төрд шургалсан эдгээр хүмүүсийг нэн даруй эргүүлэн татаж, төрийг авлигаас сэргийлэх ёстой. Бат-Үүлийн хүү Чулуудай гэх тэр жаахан хүүхэд хар залуугаараа яаж тэгтлээ баяжиж, оффшор бүсэд данс нээсэн юм бэ? Тэр бол Монгол улсын баялгийг албан тушаалд очсон хэдхэн хүн хувааж хүртсэний тод жишээ мөн” хэмээн ярилаа.
Иймд улсын баялгийг ард түмэнд тэгш хуваарилж, өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах ганц арга зам болж төрд шургалсан авлигач, оффшорчдыг эргүүлэн татаж цэвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа тул ийнхүү шаардлага хүргүүлж байгаагаа "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ий дэд тэргүүн Б.Батсайхан хэллээ.
Тус хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурлын дараа Төрийн ордонд очиж МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт шаардлагаа хүргүүллээ. Харин шаардлагынхаа хариуг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр авна гэдгээ мэдэгдлээ. Хэрэв шаардлагын хариуг ирүүлэхгүй бол дээр дурдсан 50 гаруй ТББ, хөдөлгөөнийхөн дараагийн арга хэмжээнүүдийг үе шаттай авна гэдгээ мөн дуулгалаа.
Б.Сансар
olloo.mn