Болгар улс баларсан нь

 

Балканы шинэ улсууд

Османы эзэнт гүрэн хүчирхэгжин газар нутгаа тэлсээр XY зуунд гэхэд Балканы хойгийг эзлэн авав. Гэтэл 500 орчим жилийн дараа XIX зуун болоход Османы Турк сулрав. 1877-1878 Орос Туркийн дайны явцад Оросын арми Дунайг гатлан таван сар бүслэн байлдаж, Шипка давааны бэхлэлтийг эзлэн, болгарын Плевно хотноо туркийн Осман-пашагийн армийг буулган авсан юм. Улмаар цааш давшиж Константиниополийг хааж байсан туркийн армийг бутниргэж Османы эзэнт гүрнийг буулган авч Болгарыг Туркийн 500 жилийн дарлалаас чөлөөлсөн юм.

Үүний үр дүнд Балканы хойг дээр Серб, Болгар, Румын, Грек, Черногори болон Босни, Герцеговина зэрэг олон жижиг улсууд үүсэв. Балканы хойгийн хүн амын олонхи нь үнэн алдарт шашинтан, славянчууд байсан юм. Тэд нь Болгар, Серб, Грек, Черногори улсууд болно. Харин Босни, Герцеговина нь католик учраас Австро-Унгарын эзэнт гүрнийг дагасан нь мэдээжийн хэрэг.

Ингээд славян гаралт Болгар, Серб, Грек, Черногори хэд нийлээд Балканы Холбоог байгуулав. Уг нь Австро-Унгараас хамгаалах гэж байгуулсан боловч саяхан Туркийн дарлалаас чөлөөлөгдсөн эдгээр шинэ залуу улсуудын санаа гэж тэнгэрт гарчихсан байсан юм.

Учир нь сулран буй Османы эзэнт гүрэнд "үй түмэн” болгар, грек, серби ах дүү нар дарлагдан зовж байгаа. Энэ анхдагч шалтгаан болов. Түүнээс гадна Балканы хойгийн бүх дорнод хэсгийг эзэлсэн "Агуу Их Болгар Улс” байгуулах төлөвлөгөө хамгийн эхлээд болгарчуудын толгойд оржээ.

Нөгөөдүүл нь зүгээр байсан гэж бодож байна уу ?! Үгүй л дээ. Сербүүд Адриатикийн тэнгист хүрэх гарцтай болж, өөртөө Баруун Македон, Албанийг нэгтгэнэ гэв. Черногорчууд болохоор Адриатикийн тэнгис дэх Туркийн томоохон боомтуудыг эзэлж, Новопазарийн санжакийг авна гэв. Грекүүд ч гэсэн хилээ бүх чиглэлд тэлнэ гэж дайрав. Энэ нь бүр тодорхой маргаан болов. Тухайлбал, Болгар, Грек, Серби гурав Македоныг авна гэж хоорондоо маргав. Грек, Болгар хоёр Фракийг авна гэж хэрэлдэв. Энэ холбоонд ороогүй байсан Румын Болгарын нутгаас авна гэв.

Ингэж байсан ч 1912 оны 10 дугаар сард Балканы Нэгдүгээр дайн эхэлж Балканы Холбоо байгуулсан улсууд Туркийн эсрэг дайтаж эхлэв. Үр дүн нь Турк ялагдаж, Албани тусгаар тогтнов. Гэхдээ Автро-Унгарын мэдэлд үлдсэн юм. Мөнөөх маргаантай Албани, Фраки, Македонийн асуудлыг шийдэж чадсангүй.

Түгшүүрт нөхцөл байдал

Бид дэлхийн I дайныг 1914 онд эхэлсэн гэдэг. Гэтэл түүний оршил нь 1912 онд болсон Балканы дайн байсан юм. Дэлхийн I дайны гол тоглогч Герман, Автро-Унгар улсууд Балканы хойг дээр Оросын холбоотон славян гаралт нөхдүүд ингэж дураараа дургихийг яагаад ч зөвшөөрч чадахгүй байв. Ингээд Балканы Холбоог устгах стратегийн бодит шаардлага үүсчээ. Угаасаа ч тэд олигтой эв түнжинтэй байгаа биш.

Дипломат шугамаар нэг бүрчлэн уулзаж, хүссэн газар нутгаа авахад чинь дэмжлэг үзүүлнэ гэхэд л болж байгаа юм. Энэ газар нутгийг Та нар эзлээд авсан ч бид яах ч үгүй гэж нэмж хэлэхээ барууны дипломатууд мартсангүй. Ингээд бараг бүх талууд, түүний дотор Болгар, Серби хоёр хамгийн эрчимтэйгээр дайнд бэлтгэв.

Тухайн үедээ Балкан дотроо арай том нь энэ хоёр байсан юм. Оролцогч болон сонирхогч бүх талууд Петербург хотноо маргаантай асуудлыг хэлэлцэнэ гэж товлоод байлаа.

Новшийн дайн

Гэтэл 1914 оны 6-р сарын 29-ны өглөөний 3 цагт Болгарын арми дайн зарлалгүйгээр Македоны нутагт цөмрөн оров. Өөрөөр хэлбэл Серби рүү дайрав. Дайн зарлалгүйгээр зуны сарын хар үүрээр дайрдаг туршлагыг хожим Гитлер болгарчуудаас сурсан ч байж магадгүй.
Маргааш нь саяхны холбоотон Серб, Грек, Черногори бүгдээрээ Болгарт дайн зарлав. Мэдээж ш дээ. Бүгдээрээ үйлээ үзэж Туркээс авсан газар нутаг руу ганцаараа цэрэглэн орж дайн эхэлнэ гэдэг бол үнэхээр новшийн үйлдэл байсан юм. Ингээд хүнээр бол бүгдээрээ нийлж аваад "новшийн зан” гаргасан болгарыг тал талаас нь балбаж эхлэв. Үүнийг Балканы хоёрдугаар дайн гэж түүхэнд нэрлэдэг. Харин үүнийг монголчууд тун муу мэддэг…

Гэтэл гай нэгээр дуусдаггүй аж. Болгараас Өмнөд Добруж мужийг авах гэж эртнээс санаархаж байсан Румынд сайхан далим гарав. Румыны арми Добружийн орчимд хил нэвтэрч, Болгарын нийслэл Софи хотод аюул учруулан Хар тэнгис, Варна-гийн зүг чиглэв. "Мартагдсан” Туркийн арми Марица голыг гатлан давшилтад оров.

Ингээд бүх талаасаа балбуулсан Болгарын засгийн газар 7 дугаар сарын 29-нд бууж өгөв. Усан тэнэгүүд улс орноо ганцхан сарын дотор сүйрүүлэв.

1913 оны 8 дугаар сард Бухарестад байгуулсан энхийн гэрээгээр Балканы бүх улсууд Балканы дайнаар Туркээс чөлөөлсөн газар нутгаа хуваан авсан бөгөөд Болгар бараг юу ч олж авч чадаагүй шахам.

Харьцуулаад үзье. Балканы дайны үр дүнд Серб 1.500.000 хүн ам бүхий 87.780 км. кв нутаг олж авав. Грекийн хүн ам 2.660.000-аас 4.363.000 болон өсч, эзэмшил нутгаа 108.610 км.кв-аар өргөтгөв. 1913 онд болгаруудын туркээс булаан авсан газар нутаг болон Крит арал грекүүдийн мэдэлд ирэв. Румынууд 286.000 хүн ам бүхий 6.960 км.кв талбай бүхий Өмнөд Добружийг болгаруудаас салган авав.

Болгарт 129.490 хүн амтай 25.030 км.кв нутаг бүхий Фракийн төв хэсэг ногдов. Хожим Болгар энэ нутгаа ч гэсэн алдсан юм. Үүнээс ч багыг өгөх байсан боловч хаант Орос өмөөрөөд гайгүй өнгөрсөн гэдэг. Гэрээнд гарын үсэг зурсны дараа Болгарын хаан I Фердинанд "Ma vengeance sera terrible” буюу "Миний өш хонзон аймшигтай байх болно” гэж хэлсэн гэдэг.

Балканы II дайны үр дүнд Серби Оросын дэмжлэгийг алдсан боловч нэлээд хүчирхэгжив. Гэхдээ Австро-Унгар хажуудаа славяны хүчтэй улс байлгахыг огт хүсэхгүй байв. Сербүүд ч үүнийг сайн мэдэж байсан учраас үндэсний үзлийг гааруулав. 1913 онд Сербүүд Албанийг эзлэх гэж оролдсон бөгөөд тал талын шахалтад орж удалгүй цэргээ гаргасан юм. Үүнийг түүхэнд Албанийн хямрал гэдэг. Яг энэ үед Сербийн тагнуулын газрын ивээл дор дэлхийд алдаршсан үндэсний үзэлт "Хар гар” хэмээх бүлэг байгуулагдаж төрийн бүх байгууллагуудыг хянаж байв. Энэхүү "Хар гар”-ын нэг салбар "Младо Босна” бүлэг Боснид ажиллаж Австро-Унгарыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Ингээд 1914 онд Австрийн Сараево хотноо "Хар гар”-ын дэмжлэгтэйгээр Австрийн хааны угсаа залгамжлагч Франц Фердинандыг буудан алж билээ. Ингэж дэлхийн I дайн эхлэв.

Энэ үед Болгар яасан гэж санаж байна ?! Сербүүдээс өшөөгөө авахаас өөр юм бодохоо байсан тэд Герман, Австро-Унгарын талд орсон юм. Ингээд аврагч Оросын эсрэг эвсэлд орох нь тэр. Хаант Орос ч яахав, дайн, хувьсгал залгаад юун Балкан, юун Болгартай мантай юм болов. Харин дэлхийн I дайнд Герман ялагдав. Ингэхээр Болгар нэг их сүртэй юм болоогүй ч хамт ялагдчихаж байгаа юм.

Болгарын фашизм

1918 оны 11 дүгээр сар Парижийн Нейи хотноо Болгарын ерөнхий сайд Стамболийский ялагч гүрнүүдтэй энхийн гэрээ хийв. Энэ гэрээгээр болгарын Эгийн тэнгист хүрч байсан цорын ганц гарц Струмици нутгийг булааж авах нь тэр. Болгарын армийн тоог 20 мянган хүнээр тогтоож, тэнгисийн цэргийн флоттой байх эрхгүй болгож, хэдхэн харуулын усан онгоц үлдээв. Асар их дайны төлбөр ногдуулав. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэж энийг л хэлдэг байх.

Энд дурдан буй Ерөнхий сайд Александр Стамболийский арай гэж эргэн тойрны улсуудтай дипломат харилцаа тогтоож, сүйрсэн эдийн засгаа тогтоон торгоож эхлэв. Гэвч энэ бүхэн өшөө хонзонгоо авах гэсэн "агуу их” болгаруудад хангалтгүй байв. "Алдагдсан газар нутгаа эргүүлэн авч, доромжлогдсон нэр төрөө сэргээх явдал” болгарын үндэсний үзэлтнүүдийн өдрийн бодол, шөнийн зүүд болов. "Алдагдсан газар нутаг” гэдэг нь Балканы эргэн тойрны улсуудын нутаг бөлгөө.

Ингээд 1921 оны 10 дугаар сарын 14-нд Александр Греков гэгч "Ард түмний эвлэрлийн нам” гэгчийг байгуулав. Энэ нь үнэн хэрэг дээрээ европын анхны фашист нам байсан юм. Үүнийг зарим удирдах зүтгэлтнүүд, эрдэмтэд, хамгийн гол нь офицерүүдээс бүрдсэн Цэргийн Зөвлөл дэмжиж байв.

Энэ намын удирдлагаар 1923 оны 6 дугаар сарын нэгэн шөнө Софийн цэргийн сургуулийн юнкерсүүд бослого гаргаж төрийн эргэлт хийв. 8 дугаар сарын 10-нд улс орны бараг бүх намууд "Ардчилсан Зөвшилцөл” гэгчид нэгдэж, шинэ засгийн бүрэн хяналтад оров. Ингэж Болгарт фашист засаг анх удаа тогтсон юм. Манайхан фашизмыг Итали, Германд үүссэн гэж ойлгодог нь буруу юм.

Болгар 1930-аад оны дунд үеэс эхлэн Германтай ихээхэн ойртож эхэлсэн юм. Ингэж явсаар 1941 оны 3 дугаар сард Вена хотноо "Рим-Берлин-Токио”-гийн пактад Болгар нэгдэн оров.

1941 оны 4 дүгээр сарын 19-20-нд Герман, Италитай байгуулсан гэрээний дагуу Болгарын арми ахиад л дайн зарлалгүйгээр Югослав, Грекийн хилийг гатлан Македон болон Умард Грекийг эзлэн авав.

Энэ түрэмгийллийн үр дүнд Болгар 1,9 сая хүн ам бүхий 42.466 км.кв газар нутаг олж авав. Одоо бол Хар тэнгисээс Эгийн тэнгис хүрсэн "Агуу Их Болгар” бий болов. Газар нутгаа ч яахав олоод авч. Харин үнэ төлөөс нь аймаар л даа. 1941 оны 4 дүгээр сард Герман болон Болгарын Гадаад яамны сайд нар нууц гэрээ байгуулсан ба хожим тэдний нэрээр "Клодиус-Поповын гэрээ” гэж алдаршсан юм. Энэ хөгийн гэрээгээр фашист Герман Болгарын нутаг дэвсгэр дээр буй бүх орд газрууд, ашигт малтмалыг ашиглах, боловсруулах эрх олж авав. Харин Болгарын тал Югославын Германд тавьсан бүх өрийг төлөх, дээрээс нь болгарын нутагт байрлах немцийн цэрэг армийн бүхий л зардлыг даахаар болсон юм. Мөн эзлэн авсан нутаг орны засаг захиргаа, цэрэг цагдаагийн бүх зардлыг Болгарын тал хариуцах болов. Эзлэгдсэн газар нутаг дээр хаа сайгүй фашизмыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж буй нөхцөлд энэ зардал бол ёстой тамын эд байсан нь мэдээж хэрэг. Болгарууд тэр чигээрээ Балканы хойгийн "харгис цагдаа” болон хувирсан юм. Харин фашизмыг эсэргүүцэгч цөөн ч гэсэн нөлөө бүхий хүчин Болгарт байсан тулдаа хожим тэднийг аварсан юм.

Оросуудаа эргэн санав

Сталинградын ялалтын болгарууд дараа ухаан оров. Курскийн тулалдааны дараа бол бүр ч илүү ухаан оров. Одоо бол болгар хүн болгон славян, үнэн алдарт шашинтан, эсвэл коммунист болцгоов.

1944 оны 9 дүгээр сарын 8-нд Украины 3 фронтын командлагч маршал Ф.И.Толбухины командалсан армийн хүчирхэг бүлэглэл болгарын хилийг даван оров. Мөн Хар далайн зүгээс тэнгисийн десант буув. Яг энэ өдөр Болгарын коммунистуудын удирдлагын дор байгуулагдсан Үндэсний Фронт Софи хотын гол газруудыг эзлэн авсан юм. Эзлэх ч гэж дээ, нөгөөдүүл нь эсвэл зугтчихсан, эсвэл бууж өгөх гээд хүлээж байсан юм чинь. Энийгээ болгарууд хувьсгал гэдэг байсан юм. Одоо бол оросууд Болгарыг эзэлж, төрийн эргэлт хийсэн ухааны юм ярьдаг болж. Хамгийн сүүлийн тооцоогоор дэлхийн II дайнд Югослав 1,7 сая хүнээ алдсан бол Болгар 25 мянган хүнээ алдсан байдаг. Энэ тоон харьцаа аяндаа тун олон зүйл өгүүлнэ…

1990 оны ардчиллаас хойш Оросууд Болгарыг чөлөөлсөнтэй холбогдох түүхэн газар, гудамж, хөшөө дурсгалыг буулган зайлуулж эхлэв. Толбухин хот гэж байсныг болиулж түүхэн нэрийг нь өгчээ.

Болгар 500 жил Туркийн дарлалд байхад нь оросууд чөлөөлөв, Балканы дайнд баларч байхад нь оросууд аврав, Дэлхийн II дайнд бас л оросууд аврав. Ингэлээ гэж болгарууд оросуудыг үзэн ядах болсон нь үнэхээр хачирхалтай...

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen