СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 70 орчим насны хоёр иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч байхдаа нэгнийхээ аминд хүрчээ
Өнгөрсөн онд 6,862 гэмт хэргийг иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн тоон мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас хүргэлээ.
Энэ оны гуравдугаар сард
- Монголын уламжлалт сар шинийн баяр
- “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр”
- “Монгол цэргийн баяр” гэх мэт баярууд ээлж дараалан болно.
Баяр бүрийн ширээн дээр “Идээний дээд гэх сархад”-ыг нэгэн чимэг болгон тавих нь элбэг. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг шиг хатуу сархдыг хэтрүүлэн хэрэглэснээс болж зарим хүмүүсийн амьдрал хар бараан түүх, сургамжаар хуудас нэмдэг гэдгийг анхааруулав.
Мөн хүний амьд явах эрхийн эсрэг 852 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний амийг бүрлэсэн 191 гэмт хэрэг бүртгэгджээ. Магадгүй бид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдтал уугаагүй байсан бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байх боломжтой байсан.
Зөвхөн баяр ёслолын үеэр гэлтгүй энгийн өдрүүдэд ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний амь насыг хохироосон хэргүүд гарч байна.
Тодруулбал:
Энэ сарын 21-ний өдөр орон нутгийн цагдаагийн газарт 70 орчим насны хоёр иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч байх явцдаа нэгнийхээ амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Нэгхэн хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад баарны гадаа зодуулсан, хамт архи ууж байсан хүндээ хутгалуулсан, согтуу явж байгаад дээрэмдүүлсэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгддэг.
Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг ЦЕГ-аас зөвлөлөө.