Эрдоган шинэ эхлэлийг тавьж чадах уу?
Режеп Тайип Эрдоган өнгөрсөн 20 жилийн хугацаанд баруун болон Хятад, Оросын хооронд төвийг сахисан байр суурийг баримталж байв. Жишээлбэл, Турк улс Орос Украины дайнд аль аль талд нь тусламж хүргэж, хариуд нь ахиухан ашиг хүртсэн бөгөөд Сири, Ливи, Өмнөд Кавказ, Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Персийн булангийн орнуудад цэргийн нөлөөллөө нэмэгдүүлсэн байна. Мөн дипломат аргаар Африк, Төв Ази, баруун Балканы хойгт хүч чадлаа харуулж, үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрийг байгуулжээ. Олон улсын харилцааны мэргэжилтнүүд үүнийг "тэнцвэржүүлэх үйлдэл" гэж нэрлэдэг. Туркийн шинжээчдийн хувьд засгийн газрынхаа үйлдлийг стратегийн бие даасан байдлын эрэл хайгуул гэж нэрийдэж буй.
Энэ нь ерөнхийдөө аливаа гаднын хүчнээс хамааралгүйгээр улс орны эрх ашгийг бүх аюул заналаас хамгаалах чадвар юм.
Гэхдээ Трампийн хоёр дахь засаглал эхэлж буйтай холбогдуулан Эрдоган геополитикийн уян хатан байдлаа үргэлжлүүлж, өнгөрсөн 20 жил шиг үр дүнг хүртэж чадах уу? Учир нь Трампийн өмнөх засаглалын хугацаанд АНУ,Туркийн харилцаа найрсаг байсан ч хоёр орны хооронд гүн сэв суулгасан хэд хэдэн мөргөлдөөн, үл ойлголцол гарч байжээ.
АНУ-ын Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч, Туркийн мэргэжилтэн Аарон Стейн Европын бодлогын төвд саяхан болсон арга хэмжээ дээр "Энэ бол Эрдоганы хувьд АНУ-ын тав дахь ерөнхийлөгч . Тэр Зууван танхимаас айдаггүй" гэж хэлжээ. Мөн хоёр орны харилцаа төдийлөн тогтворгүй үе дээрээ байгаа ч НАТО-гийн холбоо тасрахгүй гэж Стейн үзэж байна. Хэрэв тус хоёр орны хооронд болсон үл ойлголцлоос жишээ талбал, Трампийн анхны засаг захиргааны үед Анкара Оросоос агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем худалдан авсан байдаг. Уг үйлдлээрээ Вашингтоныг эсэргүүцэж байгаа мэт Трампт санагдсан тул Туркийг "F35" сөнөөгч онгоцны консорциумаас хөөсөн юм. Түүнчлэн, 2016 онд өөрийг нь төрийн эргэлтээр унагах шахсан Туркийн Исламын шашны номлогч Фетхуллах Гюленийг АНУ орогнуулж байна гэж Эрдоган буруутгаж байжээ.
Гэхдээ Гюлен өнгөрсөн жил нас барсан тул Эрдоганы АНУ-г буруутгах нэг шалтгаан байхгүй болсон юм.
Энэ мэт маргаан үргэлжилж, нэгэн цагт Эрдоган Сири рүү цэргээ илгээвэл Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ гэж Трамп олон нийтэд мэдэгдэл гаргаж байв. Учир нь тухайн үед Туркийн хамгийн том дайсны нэг нь Сирид төвтэй Курдистаны ажилчны намын (PKK) салбар, АНУ-ын дэмжлэгтэй Курдын хүчин байсан аж. Гэсэн хэдий Трампийн хоёр дахь засаглал эхэлснээр Эрдоган түүнийг уриалгахан хүлээн авч, баяр хүргэсэн удирдагчдын нэг болжээ. Үүний адил Трамп ч Туркийн эрх баригчийг найз мэт тодорхойлж, өнгөрсөн арванхоёрдугаар сард Ассадын дэглэмийг нуран унахад чухал нөлөө үзүүлсэн гэж магтсан юм.
Жо Байдены засаглалын үед Эрдоганыг хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, төрийн эрхийг булаан авсан зэрэг саар нэр зүүснээс нь болж Цагаан ордон тийм ч таатай ханддаггүй байсан.
Харин Трампийн хувьд Эрдогантай утсаар холбогддог хэвээр байгаа ч Израиль болон Хамасын асуудлаас болж дахин маргалдаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Стратегийн хувьд АНУ-ын шинэ удирдлага 85 сая хүн амтай Туркийг Европ, Ази, Ойрхи Дорнодын голд оршдог, Хар тэнгист гарах гарцыг хянадаг, өөртөө итгэлтэй дунд гүрэн болсныг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Оросын эсрэг барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй, соц үзэлт орнуудын "BRICS"-т элссэн ч Турк нь НАТО-гийн гишүүн юм. Муугаар бодоход Европын холбоонд элсэх бүрэн боломжтой орон юм. Тиймээс АНУ Турктэй цаашид хамтрахаар бол Оросын С-400 пуужинг зогсоох шийдэл олно. Хариуд нь Вашингтон Туркийн эсрэг тавьсан зэвсгийн хоригоо цуцалж, F35 сөнөөгч онгоцоо зарах бүрэн боломжтой.
Гэхдээ өөрийн гэсэн сөнөөгч онгоцоо бүтээж буй Турк ирэх дөрвөн жилд АНУ-ын аль нэг хөтөлбөрт дахин нэгдэх хүсэлтэй байгаа эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Барууны хамгийн хүчирхэг гүрэн болон олон улсад харилцаагаа тогтоож чадсан Турк хоёрын харилцаанд ирэх дөрвөн жилийн хугацаанд Орос-Укриан, Сирийн Курд болон Израилийн асуудал гол төлөв зонхилох бололтой. Хэрэв Трамп Курдын зэвсэгт бүлэглэлд дэмжлэг үзүүлсээр байх бол Турк хамтран ажиллахгүй. Учир нь курдын дайчид Туркийн хувьд террорист бол АНУ-ын хувьд "ISIS"-тэй тэмцэхэд нь тусалдаг гол хүчин юм. Үүнээс гадна, Турк улс барууны гурав гаруй жил үргэлжилж буй хориг арга хэмжээг үл харгалзан Оростой худалдаа наймаа хийсээр байна.
Анкара үүнээс болж АНУ-ын дарамт шахалтад орж байсан ч тоогоогүй хэвээр байгаа нь Трамп, Эрдоганы харилцаанд тийм ч таатай нөлөөлөхгүй болов уу.
Гэхдээ Туркийн гол төвийг сахисан байр суурь Хамас-Израилийн мөргөлдөөн байсан. Өнгөрсөн хугацаанд Эрдоган Израилийн Палестинд явуулж буй халдлагыг буруутгаж, Хамасыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Гэсэн хэдий ч Турк, Израилийн өндөр албан тушаалтнууд нууцаар уулзалт зохион байгуулж буй гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ нь бүрэн батлагдаагүй учир Сирийн шинэ засаг захиргаанд нөлөөллөө тэлэх гэсэн Израиль, Туркийн хандлагад АНУ хэрхэн хариу үзүүлэх нь тодорхойгүй байна.
Товчхондоо, АНУ-Туркийн харилцаа геополитикийн динамик, ялангуяа Сири, Орос, Израилийн харилцаанаас болж төвөгтэй байх бололтой. Гэсэн хэдий ч Трамп, Эрдоганы байр суурийг харгалзан үзвэл тэд тэнцвэрт байдлыг чухалчилна гэж ажиглагчид үзэж буй. Трампийн хувьд хоёр дахь засаглалынхаа хүрээнд бүх дайнд оролцохгүй гэж мэдэгдэж байгаа ч Туркийн дараагийн алхмыг ажиглаж байна.