Говь-Алтай, Хөвсгөл аймагт автомашин цасанд сууж, мөсөнд цөмөрсөн хоёр тохиолдол гарлаа
Өчигдөр буюу /2025-01-23/-ны өдөр Говь-Алтай болон Хөвсгөл аймагт автомашин цасанд суух, мөсөнд цөмөрсөн хоёр тохиолдол гарсан байна.
Энэ талаар ОБЕГ-аас "Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр баг "Дөтийн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ Цогт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зүтгүүр автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Beiben-ND42506”, "Beiben North Benz-ND4257" загварын автомашин 2 зорчигчтой цасанд суусан байсныг 4 цаг ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гахайн даваа” гэдэг газар, Дэлгэрмөрөн голд /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ голын мөс цөмөрч суудлын автомашин мөсөнд цөмөрсөн дуудлагыг 01.23-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход ''ML320'' загварын суудлын автомашин Дэлгэрмөрөн голын мөсөнд зүүн талын 2 дугуйгаараа цөмөрч орсон байдалтай байсныг 2 цаг 7 минут ажиллан татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн" хэмээсэн юм.