Дүнжингаравын уулзварт гарсан осол, хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин, “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.
Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэнээс гадна галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан. Мөн ойр орчинд нь байрладаг орон сууц галд өртөж, оршин суугчид орон гэргүй болж түрээсийн байранд амьдарч байна.
Осол гарснаас хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй. Албаны эх сурвалжийн сүүлд өгсөн мэдээллээр энэ осол, хэрэгт холбогдуулан хоёр хүнийг яллагдагчаар татжээ. Гэвч хэргийг прокурорт шилжүүлэх хараахан болоогүй байгаа аж.