Дарханы АН-ын тэмцэл үргэлжилсээр байгааг нэр дэвшүүлэлт харуулж байна

Дарханы АН-ын тэмцэл үргэлжилсээр байгааг нэр дэвшүүлэлт харуулж байна

 

Дархан-Уул аймгийн АН-ын даргад нэр дэвшигч П.Эрдэнэбатыг дүрмийн бус шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ 

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын хяналтын салбар хорооны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 04 тоот тогтоолоор П.Эрдэнэбатыг "Улс төрийн болон намын сонгуульт албан тушаалд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй” байх шийтгэлтэй байх тул Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ.

Энэхүү тогтоол нь АН-ын гишүүний хариуцлагын журмын,

-3.1.2 Шийтгэлийг дэс дараалан ногдуулах, /Өмнө нь ямар нэг шийтгэл байхгүй/

-3.10 Ардчилсан Намын гишүүн өөрт нь хариуцлага тооцох тухай шийдвэр гаргах хуралд биечлэн оролцох эрхтэй, /Шийтгэл ногдуулах талаар намын гишүүнд мэдээлэл өгөөгүй/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Намын гишүүнд өөрт нь ч мэдэгдээгүй, тийм учир шалтгаан ч байхгүй байхад зориудаар ийм шийдвэр гаргасан нь АН-ын гишүүний сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан зохион байгуулалттай хийгдсэн үйлдэл болж байгаа ажээ.

Мөн Хан-Уул дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр ч дүрмийн бус үйлдэл болжээ. Үүнээс үзэхэд АН-ын шинэчлэл нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан, гишүүдийнхээ сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан, талцуулсан, нэр төдий үйл явц болж байна гэж жирийн гишүүд ихээхэн бухимдалтай байна.

Үнэхээр ч АН Дархан-Уул болон Хан-Уул дүүрэг цаашлаад олон аймаг, дүүрэгт хуваагдалтай байдаг. Түүнээсээ болж сүүлийн сонгуулиудад ялагдсаар ирсэн.

Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатарыг намаасаа хөөж, олноо "Дашийнхан" гэгддэг ах дүү Н.Мягмардаш, Н.Мөнхдаш нар намыг эзэгнэсэн гэдэг. Тиймээс ч ийм таарамжгүй харилцаанаас болж өнгөрсөн сонгуулийн үеэр Дарханы АН-ын зарим гишүүд нийслэл дэх намынхаа төв байранд суулт зарлаж байсан. Энэхүү Дашууд нь З.Энхболдын "Шонхор" фракцийнх тул дарга нараасаа дэмжлэгтэй гэдэг.

Энэ удаа С.Эрдэнэ АН-ын дарга болсон учраас бас л дэмжлэгтэй байгаа нь мэдээж. Тиймээс л ийнхүү өөр хэн нэгнийг Дарханы АН-ын дарга болохоос "айж" байгаа хэрэг болов уу хэмээн намынх нь гишүүд дэмжигчид ярьж байгаа аж.

Хан-Уулын тухайд бас л АН-ын фракцуудын хуваагдал тэмцлийн нэг гол талбар учраас одоогийн АН-ын удирдлагад талтай нь бусдыгаа шахаж байгаа хэрэг. Зарим гишүүд нь ҮЗХ-гоо яаралтай хуралдуулах шаардлага таиад буй нь ч эдгээртэй холбоотой нь ойлгомжтой.

Ийнхүү АН-ын дотоод сонгууль дөхөх тусам хэрүүл, маргаан ихэссээр л байна.

И.Болд

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen