Хуулийг ингэж хулгайлдаг

Хуулийг ингэж хулгайлдаг

 

Эрээвэр хураавар гишүүдээс бүрдсэн парламент элэг авч мэдэх шинжтэй. УИХ-ын гишүүн болсноо дураараа дургиж болно гэж ойлгоод, дунд чөмгөөрөө жиргэж ч байх шиг. Энэ ч яах вэ. Ийм хүмүүс орж ирснийг далимдуулан, урхагтай юм сэдсэн хэсэг байна. Тэр хамгийн аюултай.

Тогтвортой байдал гэдэг үгийг тоодог хүн Монголд ер нь байдаггүй юм байна. Салхи шигээ хуйсгануур зантай монголчуудаас гадаадын хөрөнгө оруулагчид тогтвортой байдлын гэрээ байгуулахыг шаарддаг нь арга ч үгүй юм. Улсынхаа төсвөөр жилд заавал нэг удаа оролддог эрх баригчидтай улсад тэд яаж итгэх билээ дээ.

УИХ уг нь 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталж, 4 тусгай шаардлага бий болгон, 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

  1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;
  2. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх;
  3. Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх;
  4. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх.

Энэ 4 шаардлагыг нэгэн зэрэг хангах ёстой. Гэвч эдгээр шаардлагыг бүрэн хангасан удаа байсангүй. Улсын төсөв батлахдаа алдагдлыг 2% байхаар тусгадаг ч орлогыг нь өсгөж байгаад, алдагдлыг бага болгож харагдуулдаг аргатай. Улсынхаа дунд хугацааны бодлогыг ч, төсвийн хүрээний мэдэгдлийг ч ганцхан жилийн төсөвтэйгээ нийцүүлж өөрчилдөг буруу зуршил тогтчихлоо.

Уул уурхай гэдэг ганцхан үнээтэй манай улс эдийн засгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хамгаалах гэж хичээдэг. Саалийн ганц үнээний маань сүү муудчихвал, сүүний үнэ уначихвал бид элгээрээ газар хэвтэж, улс оронд аюул нүүрлэнэ. Дампуурал гэдэг мангас хаалганы гадна сахиад хэвтэж байгаа. Грек, Шри-Ланка, Эфиоп гээд улс орон дампуурахыг энэ яваа насандаа та бид үзэж л байна. 2016 онд Монгол Улсын данс улайж, ийм аюул хаалга тогшсоныг мартаж болохгүй. Тэдний араас орчихгүйн тулд, үрэлгэн засгаа гар чангатай байлгахын тулд УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль санаачилж, баталсан хэрэг. Гэвч хууль чангарвал хулгайчийн арга нарийсдаг зарчим үйлчилж байна. 

Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2015 онд 58.3 хувь байсан бол дараа жил нь улсын данс улаймагц 88 хувь болгож, нэмсэн.

  1. 2016 онд 88 хувь
  2. 2017 онд 85 хувь, 
  3. 2018 онд 80 хувь, 
  4. 2019 онд 75 хувь, 
  5. 2020 онд 70 хувь,
  6. 2021 онд 70,
  7. 2022 онд 70,
  8. 2023 онд 65 байлаа.

Өрийн таазыг 8 жил дараалан хэтрүүлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн амин сүнс болсон 4 шаардлагын 1-ийг биелүүлэлгүй, зөрчсөөр ирсэн юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.2-т “Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2024 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалт бий. Өрийн таазыг 2017 оноос эхлэн зөрчиж ирсэн Засгийн газар, эрх баригч хүчин өнөө жилээс л энэ хуулийг дагаж мөрдөх юм. Гэвч сая Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголд гадаадаас авах зээлийн нэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмэхээр тусгасан тухай Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо ярьжээ. Өр нэмж тавина гэдэг чинь өрийн тааз нэмэгдэнэ гэсэн үг. Тааз өндөр болох тусам шалан дээр зогсож байгаа хүний гар хүрэхгүй болно. Гараа таазанд хүргэх нь байтугай ширээн дээр гарч зогсоод ч таазаа арчиж чадахгүй. Уг нь хүний гар хүрч байвал тааз цэвэрхэн байдаг биз дээ. 

УИХ-д Засгийн газар улсын төсөв, төсвийн тодотгол өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл хамт өргөн барьж, батлуулдаг. УИХ ч батлаад өгчихдөг. Гэм биш зан болсон энэ явдал одоо ч давтагдлаа. Уг нь Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвөө нийцүүлэн боловсруулах ёстой. Тэгүүлэх гэж энэ хуулийг баталсан. Нэр нь хүртэл Тогтвортой байдлын гэсэн үгтэй хууль. Гэвч Засгийн газар, Сангийн яам төсвийг дураараа зохиож, хуулийг түүндээ нийцүүлэн өөрчилдөг болсон.

Энэ бүхэн 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эцэс болох ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг 2025 оноос хатуу хэрэгжүүлэх учиртай. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувь, Засгийн газрын өрийг ДНБ-ний 60 хувиас хэтрүүлдэг явдал 2024 оноор дуусна. Засгийн газар дахин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гар дүрж чадахгүй болох юм. Учир нь ирэх жилээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх бол 126 гишүүн бүгд зөвшөөрөх шаардлагатай. 1 л гишүүн эсэргүүцвэл энэ хуульд өөрчлөлт оруулж чадахгүй.

Тиймээс л Засгийн газар төсвийг тодотгох далимаар өөртөө дахин гарц гаргах арга сэджээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чангарахаас нь өмнө амжиж хулгайгаа шургуулахаар оролдож байна.

Энэ хуулийг ингэж хулгайлах нь. Засгийн газрын өрийг одоо өнөөгийн үнэ цэнээр тооцдог. Тэгвэл нэрлэсэн үнээр тооцдог болох юм гэнэ. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал гэдэг үгийг суурь тэнцлийн ашиг гэж өөрчлөх санал гаргажээ. Гэх мэтчилэн хуулийн нэр томьёогоор оролдох замаар УИХ-ын гишүүдийн толгойг эргүүлэх гэж байгаа бололтой.

Засгийн газрын хүсэж буй энэ өөрчлөлтийг УИХ 2025 оноос өмнө хийчихвэл Төсвийн тогтвортой байдлын хууль манай улсын аюул болж хувирна. Улсын нэгдсэн төсөв гэж байхгүй болно. Засгийн газрын өр хяналтгүй болж, замбараагаа алдана. "Хэрвээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилбөл дагаад Монголбанкны мөнгөний бодлого хатуурна, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн эх үүсвэр олдохоо болино" гэж ИЗНН-ын гишүүд дүгнэлээ.

Тэртэй тэргүй эдийн засгийн боловсрол муутай ард түмний өмнөөс УИХ л Засгийн газарт жаахан ч болов хяналт тавьж ирсэн. Хэрвээ энэ удаад 126 энэ хяналтаа алдвал Монгол Улсыг дампуурсанд тооцож болно. Дампуурна гэдэг бол эдийн засгийн дайнд ялагдана гэсэн үг. Дайнд ялагдах дуртай улс гэж уг нь байдаггүй. Тэр тусмаа монголчууд дайнд тоотойхон ялагдсан түүхтэй ард түмэн юмсан даа. 

 

https://time.mn/vte.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen