УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТҮҮД

УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТҮҮД

 

Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдлоо. Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиа холимог тогтолцоогоор зохион байгуулж, 78 гишүүнийг тойргоор, 48 гишүүнийг жагсаалтаар сонгосон. Ингэснээр олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар бүрийн дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй шинэ парламент бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болсон юм. Энэ нь нийт гишүүдийн 25 хувь бөгөөд Ази тивийн дунджаас давсан үзүүлэлт.  

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байсаар ирсэн бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцооны нэг зорилго нь хүйсийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл төрийн бодлого эмэгтэйчүүдэд, хүүхдэд илүү ээлтэй болох боломж бүрддэг. Олон улсад хийсэн хэд хэдэн судалгаагаар эмэгтэй улстөрчид гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлуудад эрэгтэй улстөрчдөөс илүү ач холбогдол өгдөг нь батлагдсан байна. Тэгвэл Монгол Улсын түүхэн дэх хамгийн олон эмэгтэй УИХ-ын гишүүдтэй парламентаас иргэд юу хүлээж байна вэ?

1. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НЭГДСЭН ТОГТОЛЦОО

Хүүхэд хойт аавынхаа гарт амиа алдсан, охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн, үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхэж, зодсон зэрэг сэтгэл сэртхийлгэм хэрэг сүүлийн жилүүдэд олон гарч, нийгмийг цочирдуулах болсон. Энэ бүхний дараа иргэд эмэгтэй гишүүдийг үүнд байр сууриа илэрхийлээсэй, үүний эсрэг дуугараасай гэж хүсдэг ч гишүүд маань хэлгүй, дүлий мэт байсаар ирсэн гэхэд хилсдэхгүй.

Хүүхдийн хүчирхийллийг бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл, хүйсийн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл гэж дөрөв ангилдаг. Нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг нийт хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг аж. Улсын хэмжээнд түр хамгаалах байранд хоногт дунджаар 30-40 хүүхэд ирдэг тоон үзүүлэлт бий. Үүний гол шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчдын бага насны болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал, халамж сул болсонтой холбоотой. Мөн бага насны хүүхдийг 10-аас дээш насны хүүхдээр, эсвэл танихгүй, хамаатны хүнээр харуулж байгаа нь хүүхдийг эрсдэлд оруулах, бие махбодын хүчирхийлэлд өртөх хэв шинж рүү аваачдаг байна. Тухайлбал, бага насны хоёр хүүхдийг цоожилж орхисноос цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тухайлбал ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдал 1-14 насны хүүхдийн дунд 47 хувьтай байна.  Сүүлийн үед хүүхдүүд интернэт, цахим орчинд орох нь нэмэгдэж байгаа нь тэднийг цахим доромжлол, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлд хүргэх болжээ. Мөн унаач хүүхдийн асуудлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. 2024 оны эхний хагас жилийн байдлаар хурдан мориноос унаж нас барсан дөрөв, гэмтэж бэртсэн гурван тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн гол усанд живж амиа алдсан 11, зам тээврийн ослын улмаас амиа алдсан 26, бэртэж гэмтсэн 605 хүүхэд байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс хүүхэд рүү чиглэсэн гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоо манайд хэрэгтэй байна. Иймээс түүхэндээ анх удаа бүрдсэн эмэгтэй 32 гишүүнээс иргэд хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоог хүсэж байна.

2. ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн салалт, гэр бүлээс гадуурх харилцаа нэмэгдэх болсон. Ганц тоо дурдахад, 2010 оны гэрлэлт цуцалсан тоог 2021 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна. Үүний хамгийн том хохирогч нь хүүхэд бөгөөд энэ харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр Монголын нийгэмд амьдралаа нуруун дээрээ үүрч яваа эмэгтэй олон болж, гэр бүлд аавуудын гүйцэтгэх үүрэг багассан гэж хэлж болно. Улмаар гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн этгээд нь дахин гэр бүл зохиож, хүүхдийнхээ тэтгэмжийг ч төлдөггүй тохиолдол олон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээллээс үзэхэд, хүүхдийн тэтгэмжийг 50 гаруй хувь нь огт төлдөггүй байна. ШШГЕГ-аас тэтгэмжийг албадан төлүүлэх шийдвэр гаргадаг ч тэр бүр хэрэгждэггүй.

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Гэр бүлийн тухай хууль нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулдаг суурь хуулиудын нэг бөгөөд 1999 онд батлагдсан.  Тус хууль нь хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээсээ илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан оруулсан өөрчлөлтүүдээс бүрддэг байна. Иймээс гэр бүл салалтын буруутанд оноох эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлээс гадуурх харилцааг хуулийн хүрээнд шийдэх, гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод буй. Мөн гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцааны асуудлыг ч нарийн тусгах ёстой юм.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн боловч тэгсхийгээд замхарсан. Тус хуулийн төсөлд гэрлэлтийн гэрээний талаарх шинэ зохицуулалтыг тусгасан бөгөөд хууль санаачлагчид тус гэрээгээр гэрлэгчдийн эрх ашгаа хамгаалах, мөн гэрлэлт цуцалсан тохиолдолд эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон хэмээн мэдэгдэж байв. УИХ дахь эмэгтэй гишүүдээс эмэгтэйчүүдийн хамгийн их хүлээж буй хүлээлт нь тус хуулийн шинэчлэл. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх явдал юм.

3. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ДОРВИТОЙ АЖЛУУД

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 70 гаруй хувь нь хүүхдүүд байдаг бол 90 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Прокурорын байгууллагаас 2023 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 773 хэрэгт хяналт тавьж, 501 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан нийт 533 хүний 19.6 хувь нь 45-аас дээш, 20.9 хувь нь 18-30, 58.8 хувь нь 31-44 насныхан байгаа бол 43.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ. Хүйсийн хувьд 94.6 хувь нь эрэгтэй, 63.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оноос 22.1 хувиар өссөн бөгөөд 55.1 хувь нь нийслэлд, 44.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Хэдийгээр манайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд долоон жил болж байгаа, мөн олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч тэдгээр нь бодит байдалд хөрсөн дээр буухгүй цаасан дээр бичигдсэн үг, үсэг төдий байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаагаас харагдаж байгаа юм. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд энэ чиглэлд бодитой дуугарч, бодит өөрчлөлт авчраасай, дорвитой ажлууд хийгээсэй гэх хүлээлт иргэдийн дунд байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд боловсрол төдий л чухал нөлөө үзүүлдэггүй нь судалгаагаар батлагдсан бөгөөд бүх төрлийн боловсролтой хүмүүс хүчирхийлэл үйлддэг гэнэ.

4. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ 

Эрүүл мэндийн салбарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 57 хувийг барилга байгууламж, 36 хувийг тоног төхөөрөмж, долоон хувийг их засварын хөрөнгө оруулалт эзэлж байна. Гэтэл манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлсэн хэвээрээ. Мөн элэг, ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм. 2023 онд Монгол Улсад 7244 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын улмаас эндсэн байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас бардаг гэнэ. Мөн нийт нас баралтын 62 хувийг оношлогдсоноос нэг хүрэхгүй жилийн хугацаанд нас барсан үзүүлэлт эзэлж байна. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулах, энэ чиглэлд анхаарах шаардлагатай болсныг харуулж буй юм.

 Түүнчлэн хорт хавдрын улмаас иргэд хандив хүсэх нь тоогоо алдаж, хилийн чанадыг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Шаардлагатай оношилгооны тоног төхөөрөмж хангалтгүйгээс гадна байгаа хэд нь эвдэрсэн, эсвэл урвалж бодис нь дууссан, эс бөгөөс ажиллуулах боловсон хүчингүй байгаа нь хэнд ч нууц биш. Эдгээр нь манай эрүүл мэндийн салбарт бодлогын шинэчлэл, цогц өөрчлөлт хийх хэрэгтэй болсны илрэл юм. Үүнийг манлайлагчид нь эмэгтэй гишүүд байгаасай хэмээн иргэд битүүхэн хүсэж буй.

5. БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ БУЮУ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРЭЛЦЭЭ

Боловсрол бол хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт төдийгүй тухайн улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр. Ядуу гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдийн амьдралаа өөрчлөх гол боломж нь боловсрол. Нөгөө талаас бид нэг түвшнээс, нэг гараанаас боловсрол эзэмших ёстой. Гэтэл өнөөдөр баян, хоосны ялгаа тэнгэр, газар шиг болж, их, дээд сургуульд мэргэжил эзэмших хэмжээний төлбөрийг зарим хөрөнгө чинээтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ цэцэрлэг, бага ангийн төлбөрт зарцуулж байгаа нь манай боловсролын салбар бүхэлдээ гажуудсаны илрэл. Улмаар боловсрол нь нийгмийн түвшинг тодорхойлж, нийгэмд баян, ядуугийн ялгаа улам бүр газар авч байна. Өнөөдөр ерөнхий боловсролын хувийн сургуулиудын жилийн төлбөр 4.5-100 сая төгрөгийн үнэтэй байхад их, дээд сургуульд мэргэжил эзэмших төлбөр 10 саяас хэтрэхгүй байгаа юм. Дээрээс нь улсын цэцэрлэг, сургуулийн нэг ангид дунджаар 50-60 хүүхэд сурч байхад нөгөө талд хувийн цэцэрлэг, сургуульд 15-30 хүүхэд суралцаж байгаа нь боловсролын тэгш хүртээмж байхгүй болсныг илтгэнэ. БНСУ боловсролын тэгш боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн дунд сургуулиудаа 2025 оны гуравдугаар сар хүртэл үе шаттайгаар татан буулгаж буй бодит жишээ байна.

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ. Ингэснээр ирэх хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл бүрдээд байна. Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэхийн тулд 200 тэрбум төгрөг зарцуулж, хамрагдалтыг 98 хувьд хүргэсэн гэх боловч мөн л хүүхдүүд эрүүл мэндийн чанарын шаардлага хангахгүй анги танхимд хэт олуулаа сурч байгаа билээ. Иймээс УИХ-ын эмэгтэй гишүүд энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.

 

https://ergelt.mn/news/1/single/46220

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen