Эмийн сонсгол өнөөдөр эмийн хүртээмжийн асуудлаар эхэллээ
УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут,Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Туваан, нар багтжээ.
Тус Түр хороо эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шинжлэн судалж, давхардсан тоогоор нийт 1164 төрийн байгууллага, албан тушаалтнаас 6183 нотлох баримтын хүрээнд 153 мянга 200 хуудас бүхий цаасан нотлох баримт, 19 мянга орчим квт/ цахим бүхий 84692 нотлох баримтыг гаргуулан авсан байна. Энэ хүрээнд эм, үнэ, чанарын асуудлаар төрийн худалдан авалт, эм зүйн салбарт шийдвэр гаргах түвшинд албан тушаалтны харилцан хамаарал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эмийн үнэ болон чанарын асуудлаар нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, дүн шинжилгээ хийлгэжээ.
Нотлох баримт цуглуулах хүрээнд 150 орчим хүнтэй уулзаж, ярилцлага хийсэн. Говь-Алтай аймгийн эмийн сан, Эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллагын эм, эм хадгалж буй агуулахын нөхцөл байдал, Дорноговь аймгийн Замын-Үүдийн болон Сэлэнгэ аймгийн Гаалийн газар, Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, эм, хэрэгслийн талаар хилийн болон гаалийн хяналтын ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна.
Хянан шалгах Түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн emiinsonsgol.mn, D-parliament.mn, emiinturhoroo@parliament.mn болон утсаар иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг хүлээн авсан байна.
Хөтөлбөр:
2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр: Эмийн хүртээмжийн асуудлаар сонсгол
Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал сэдвээр сонсгол зохион байгуулна.
2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр: Эмийн үнэ ба шалтгаан нөхцөлийн талаар сонсгол
Энэ хүрээнд эмийн үнийн бүрдэл болон үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг хэлэлцэнэ. Эмийн үнийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулна.
Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаар хяналт, шалгалтаар илэрсэн асуудлыг олон нийтэд сонсгоно.
2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр: Эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсгол
Эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт ямар байна, эмийн чанарын лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар хэлэлцэнэ. Мөн зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүнг танилцуулна. Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөдрийн нөхцөл байдал, Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлуудыг танилцуулна.
Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлын талаар мэдээлнэ. Эмийн салбар дахь монопол тогтолцоог нотолгоогоор үзүүлнэ.
Нотлох баримтыг судлан шинжлэх сонсголд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ГЕГ, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй иргэн, албан тушаалтныг гэрчээр дууджээ.