Эмийн үнийн өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар нээлттэй сонсгол болно
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Үндсэн хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог УИХ-ын өнгөрсөн оны 60 дугаар тогтоолоор байгуулсан.
Түр хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Эмийн асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар өчигдөр Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.
Гурван давхар, 1000 m2 талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж ашиглалтад оруулжээ. Уг агуулах нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой обьект юм. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Санхүү, хангамж нөөцийн албаны дарга Д.Болдбаатар Түр хорооны гишүүдэд танилцуулав.
Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хашаанд байрладаг бөгөөд харьяаллын хувьд Эрүүл мэндийн яам болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн аль алинд хамаарч үйл ажиллагаа явуулдаг аж. Тус агуулахад 20 гаруй нэр төрлийн 8 тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл зонхилдог хэмээн танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн нөөцийн агуулах нь нэгдсэн бүртгэлийн системтэй болж чадаагүй, хүний нөөцийн дутагдалтайгаас гадна ковидын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг агуулахад хүргэгдсэн зэрэг алдаа дутагдал, зөрчил байгааг гишүүд шүүмжилж, цаашид цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав.
Эмийн чанарын асуудлаарх Түр хорооны дарга Ж.Чинбүрэн УИХ-ын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг танилцуулсан. Мөн ирэх гуравдугаар сард эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйлийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд тодорхой хяналт шалгалтын ажил болоод, энд дурдагдсан асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах юм.