Олимп хүрэх саад
Мордохын хазгай
Хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, баяр цэнгэлийн манлай зуны 33 дахь удаагийн олимпын наадам энэ удаад Францын нийслэл Парис хотноо долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно. Монголчууд 2008 оны Бээжингийн олимпоос хойш тамирчиддаа өндөр итгэл хүлээлгэж, том амжилт хүлээх болсон. 2008 оноос хойш дахин олимпын аварга төрөөгүй ч тамирчид маань мөнгө, хүрэл медалийн буухайгаа таслахгүй үргэлжлүүлсээр явна. Гэхдээ олимпоос медаль авна гэдэг зөвхөн тамирчдын асуудал биш. Багш, дасгалжуулагчид, мэргэжлийн холбоод, төр засаг гээд хамтын хичээл зүтгэлээр ирдэг амжилт. Гэвч манай улс “Парис-2024” олимпын наадмын өмнө мордохын хазгай гэгч болоод байна. Манай улс энэ удаагийн олимпод улсынхаа нэрээр бус Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орох шахсан.
Улс орнууд олимпын дараагаас л дараагийнхаа олимпод бэлдэж эхэлдэг. Гэтэл манай улс хэдэн бор тамирчиндаа найдаад л сууж байна. Олимпод бэлдэнэ гэдэг бол тамирчдаа бэлтгэхээс гадна санхүүжилтийг нь шийдвэрлэх, спортод хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчидтэй хамтрах, Олон улсын олимпын хороо, Дэлхийн допингийн эсрэг байгууллагын хууль эрх зүй, дүрэм журамд нийцэж ажиллах, гадаад харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулах тамирчдаас бус дарга нараас шалтгаалах ажил их. Тийм ч учраас олон жил эрүүл мэнд, боловсролын салбарын бөөрөнд наалдаж явсан спортын салбарыг тусгайлан хариуцсан сайд томилсон. Гэвч манай сайд, дарга нар өнгөрсөн хугацаанд хангалтгүй ажиллаж ирсний илрэл нь Монгол Улс олимпод Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орох шахсан явдал юм. Дэлхийн допингийн эсрэг байгууллага буюу WADA-гийн гишүүн байгууллага улс орон бүрд бий. Манайд байгаа нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага буюу MONADA. Тус байгууллагад Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас допингийн эсрэг дүрмээ шинэчлэн батлах, спортын арбитрын шүүх байгуулж допингтой холбоотой маргаанаа шийдвэрлэх, 2020 оны өвөл, зуны олимпод оролцсон тамирчдынхаа допингийн шинжилгээний төлбөрийг төлөх зэргийг удаа дараа шаардаж албан бичиг ирүүлсэн ч манайх тоохгүй суусаар олимпод Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орохоо шахсан. Энэ асуудал өндрөө авч Засгийн газраас ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж байж олимпод улсынхаа нэрээ оролцох эрхтэй болсон юм. Ингэж мордохын хазгай эхэлсэн олимпын бэлтгэл одоо ч цэгцрээгүй байна.
Хайран боломж
Саяхан манай боксын шигшээ багийн тамирчид Итали улсад болсон олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадсангүй. Дэлхийн 112 орны 598 тамирчин олимпын 49 эрхийн төлөө өрсөлдөв. Тэдний дунд нэг ч Монгол тамирчин байсангүй. Оролцсон улс орон, тамирчдын тооноос энэ тэмцээн хэчнээн чухал нь харагдана. Гэвч манай улсын Боксын холбооны ажлын алба тамирчдынхаа мэдүүлгийг өгөх ёстой цагт нь өгөлгүй хоцроосноос ийм зүйл болов. Ийнхүү шигшээ багийн тамирчдын хүч хөдөлмөр талаар болж олимпод оролцох боломж нь хоёр дахин хумигдлаа.
Гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав
"Италид болсон тэмцээний нэг жинд дөрвөн эрх олгосон. Манай улс энэ тэмцээнд оролцож чадаагүй. Энэ тэмцээний өмнө манай тамирчид Европод хоёр тэмцээнд оролцоод олимпын эрхийн төлөө тоглохоор Италид очсон боловч тэмцээнд оролцох мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүйн улмаас оролцож чадсангүй. Энэ бол маш харамсалтай үйл явдал. Тамирчдад үнэхээр харамсмаар явдал. Дасгалжуулагчид өөр тамирчин бэлээд дараагийн олимпод оролцож болдог. Харин тамирчинд дараагийн олимпыг хүлээнэ, оролцоно гэдэг хэцүү. Тухайлбал, Х.Энх-Амар, Т.Болортуул, Б.Мишээлт нарын хувьд энэ олимп оролцох боломжтой бараг сүүлийн олимп нь. Үүний хариуцлагыг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан хүлээх ёстой. Өөрөө Италиас ирээгүй байгаа юм билээ. Ирээд тодорхой тайлбар өгөх байх. Ийм том тэмцээнд мэдүүлгээ өгөхгүй хоцроох явдал өмнө нь гарч байгаагүй."
Бокс бол манай улсын спортын чухал төрөл. Олимпын аварга төрсөн хоёрхон, медалийн буухиаг тасалдаггүй дөрөвхөн төрлийн спортын нэг. Товчхондоо монголчуудын олимпод хамгийн их найдлага тавьж хүлээдэг спортын нэг. Одоо Монголын боксчдод олимпоос өмнө эрх авах ганцхан л боломж бий. Тэр нь ирэх тавдугаар сард Тайландад болох тэмцээн. Дээрээс нь үргэлж шүүлтийн маргаан гардаг энэ спортыг олимпын төрлөөс хасах тухай яриа гараад удаж байгаа. Аль 2008 оны олимпоос хойш л энэ тухай ярьж эхэлсэн. Тиймээс Монголын боксчдын хувьд энэ олимп хамгаас чухал. Гэвч тамирчид өөрсдөөсөө бус дарга нарынхаа хариуцлагагүй байдлаас шалтгаалж олимпод оролцох боломжоо хугаслууллаа.
Спортын салбарт соёл, боловсрол дутаж байна
Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан энэ хариуцлагагүй үйлдэлдээ ямар тайлбар хийх нь олны анхаарлыг татаж байна. Тус холбоог Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа удирдаж байсан юм. Харин шинэ ажил авсан даруйдаа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгсөн аж. Одоо энэ холбоог дэд ерөнхийлөгч В.Ганзориг удирдаж байна. Спорт гэдэг бол нэг талаараа гадаад харилцаа. Гэвч мордохын хазгайгаас эхэлсэн бүх бүтэлгүйтлээс харвал манай улсын спортын салбарыг хариуцаж буй албан тушаалтнуудад гадаад харилцааны мэдлэг, ур чадвар дутагддаг бололтой. Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч В.Ганзориг тэмцээн зохион байгуулагчдад хандив өгч, нэгэнт мэдүүлгийг нь хоцроосон тамирчдаа тэмцээнд нь оруулж өгөхийг хүссэн ч бүтээгүй байна. Манайхаас бусад улс оронд хууль бол хууль, цаг бол цаг. Харин боксын холбооны удирдлагууд хэнэгүйгээсээ болж бүтэлгүйтэж, түүнийгээ засаж залруулах гэж монгол зангаараа хандив санал болгожээ. Энэ бүхнээс харвал манай Монголын спортын салбарт соёл, боловсрол, ёс зүй дутагдаж байна. Ядаж спортын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, дарга нар, дасгалжуулагчид нь гадаад харилцааны тодорхой мэдлэгтэй, соёл, боловсролтой, ёс зүйтэй баймаар. Сайн бөх, сайн тамирчнаа л тахин шүтсээр дарга болгодог, тэд нь алдаа гаргасаар байтал давтан томилсоор л байдаг энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ. Сайн тамирчин бус сайн менежер спортын салбарыг удирдаж дэлхийд өрсөлдүүлнэ. Ингэж өөрчлөгдөхгүй бол олимп хүрэх зам бүр өнөөгийнх шиг саадтай хэвээрээ л байх нь.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл