Бөхчүүдийн ир орж эхлэх шиг

Бөхчүүдийн ир орж эхлэх шиг

 

Монгол бөхийн өргөө гуравдугаар сард бөхийн даллагатай байгаа. Бөх сонирхогчдын хувьд онцгой сар гэсэн үг. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд дараалсан барилдаан болж, бөх сонирхогчид ярих сэдэвтэй, харах зүйлтэй өнжиж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Дорноговь аймгийн Мандах сумын 100 жил, тус сумаас төрөн гарсан улсын начин А.Хатансайханд хүндэтгэл үзүүлэх барилдаан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жил, тус сумаас төрөн гарсан улсын начин Л.Дашдаваа агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Хэдийгээр улсын цолтой бөх цөөн оролцож байгаа ч зодоглож байгаа бөхчүүд нь үзэгчдийг шуугиулсаар байна. Тухайлбал, өчигдөр болсон барилдаанд сумын заан Н.Уугангэрэл, Б.Цагаанбанди, А.Амархүү нар үзэгчдийг уран барилдаанаараа баясгаж, А.Амархүү “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагнал хүртсэн юм. А.Хатансайхан начны нэрэмжит барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах түрүүлж, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв. Г.Бадрахын хувьд бөхийн өргөөнд манлайлж буй аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзийг эзгүйчлэн хоёр барилдаанд дараалан түрүүлсэн ч өчигдөр хоёрын даваанд тахим буулгалаа.

Бөхчүүдийн ир орж эхлэх шиг

Тэгвэл улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар хоёр өдөр дараалан түрүү, үзүүр булаалдахдаа нэг түрүүлж, нэг үзүүрлэв. Түүнчлэн улсын начин Б.Түмэндэмбэрэл хоёр өдөр дараалан шөвгөрлөө. Л.Дашдаваа агсны нэрэмжит барилдааны үеэр үзэгчдийн дундаас есөн азтан тодруулж, Сүхбаатар аймгийн есөн алдарт уяачийн адуун сүргээс хурдан удмын адуу авах эрх, батламж гардуулав.

Дашрамд сонирхуулахад, энэ сарын 14-нөөс дөрвөн өдөр дараалсан барилдаантай.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen