Хаврын ядаргаа дусал тариагаар эмчлэгддэггүй
Улирал солигдох, ажлын ачаалал, стресс зэргээс шалтгаалан үүсдэг мэдрэлийн ядаргааг бид хаврын ядаргаа гэж ярьж, витамин ууж, дусал тариа хийлгэх зэргээр дур мэдэн арга хэмжээ авдаг. Тэгвэл мэргэжлийн эмч нар дур мэдэн дусал тариа хийлгэх нь ядаргааг эмчлэх арга огт биш гэдгийг хэлж байна.
Мэдрэлийн ядаргаанд орсон үед илрэх шинж тэмдгүүд
- Амархан ядарч, амархан хөлөрч, тамирдана
- Нойргүйднэ
- Амархан бухимдана
- Хөдөлмөрийн чадвар, оюуны чадамж буурна
Дуслаар бус дасгал, тайван байдлаар эмчилнэ
Мэдрэлийн ядаргаагаа тайлах гэж байна гээд дусал, тариа хийлгэж, витамин уух хэрэггүй. Ингээд мэдрэлийн ядаргаа тайлагдахгүй. Мэдрэлийн ядаргаагаа тайлахын тулд амьдралын зөв хэв маягтай байж, дасгал хөдөлгөөн хийн, сэтгэлээ амар амгалан байлгах хэрэгтэй. Стрессээ тайлж сурах хэрэгтэй.
Витамин уугаад байвал эрүүл байна гэсэн ойлголт нь асар буруу болохыг эмч нар хэлдэг. Эм, витамин нь элгэнд маш их ачаалал өгч, хордуулдаг. Эм, сүлжээний бүтээгдэхүүний эмх замбараагүй, зохисгүй хэрэглээ нь эргээд өвчин болдог.