Хүний улстөрчид улсаа хөгжүүлдэг бол манайхан улсаа тонодог!

Хүний улстөрчид улсаа хөгжүүлдэг бол манайхан улсаа тонодог!

 

Мега төсөл бол шил. Хагарахад амархан, хэн нэгэн сүрхий эр чулуу шидэх төдийд бутрах эрсдэлтэйг М.Энхсайхан нэгэнтээ сануулж байсан юм. Тэгэхэд М.Энхсайхан Монгол Улсын сайд, Тавантолгойн төслийн гол хариуцагч, Тавантолгой төсөл улс төрийн гол сэдэв байлаа. Түүний хэлснээр Тавантолгой төсөл яг шил шиг бутарч даахгүй унасан. Тэр үеэс Монголын улс төр нь, улстөрчид нь огтоос өөрчлөгдөөгүй, мега төслийн сураг сонсогдох бүрт хол, ойрын дайснуудын хорт явуулгад тархиа угаалгадаг нь бахь байдгаараа. Түүх давтагддаг гэдэг, үнэн биз.

Зохион байгуулалт, зорилго нь ч, үүрэг, чиглэл нь ч адилхан үйл явдал Монголд ид өрнөж байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл улс төрөө даахгүй унасан шиг ураны төсөл ч мөн адил улс төрөөс болж хойшлохоор болсон гэх муу мэдээ гадаадын хэвлэлээр гарах болсон нь хов, цуурхал биш нь мэдээж.  Монгол-Францын Засгийн газар хооронд байгуулахаар болсон 1.6 тэрбум ам.долларын гэрээ зургадугаар сард болох УИХ-ын сонгуультай холбоотойгоор хойшлож болзошгүйг "Bloomberg" нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс эш татсан байна.

1.

Гучин жилийн дараах улс орны хөгжил, эдийн засгийн үзүүлэлтээ харвал нэгэн зэрэг гараанаас хөдөлсөн Казакстан Монголыг хэдийнэ холоо хаяжээ. Монгол-Казакстан нь хоёул далайд гарцгүй. Социализмаас капитализм руу шилжиж, эдийн засгийн хувьд ижил нөхцөлөөс хөдөлсөн хоёр улс өнөөдөр нэг нь хөрөнгө оруулагчдад нээлттэй байж чадсанаараа хөгжлийнхөө төвшингөөр Төв Азидаа тэргүүлэх болсон. Атал нь Монгол хөрөнгө оруулагчдаа хөөж тууснаараа хөгжих нь бүү хэл ардчиллын индексээр арагшаа улам ухрах болсон.

2009 онд Оюутолгойн гэрээг УИХ-аар баталсны дараах он жилүүдэд Монголын эдийн засаг 17 хувийн өсөлт үзүүлж, дэлхийн анхаарлын төвд шинээр орж ирж байсантай харьцуулах юм бол өнөөдөр “Рио Тинто”-гоос өөр гуравдагч орны том хөрөнгө оруулагчид орж ирээгүй байна. Тиймээс өнгөрсөн оноос эхлэн дэлхийн анхаарлыг татаж, хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын хүрээнд  яригдсан, тодорхой нөхцөлүүдээ тохирч, протокол дээр гарын үсэг зурсан гол сэдэв нь “Зөөвч-Овоо” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай.  93 мянган тонн нөөцтэй, “Зөөвч-Овоо” төслийг амжилттай хөдөлгөж чадвал  зөвхөн татварын орлого нь жилдээ 95.5 сая, нийтдээ 3.2 тэрбум ам.доллар болох юм.

Байгалийн баялаг, хөдөө аж ахуй дээрээ түшиглэн хөгжсөн Казакстаны нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 1993 онд дөнгөн, данган 1400 орчим ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 10 мянган ам.доллар давсан агаад Евразийн хамгийн том дэвшилтэт дижитал төв болох зорилт дэвшүүлснээ жилийн өмнө зарласан.  Тэгвэл Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ өнгөрсөн онд анх удаа 5.220 ам долларт хүрлээ. Энэ нь Казакстанаас хоёр дахин бага гэсэн үг.  Казакстаны ийнхүү эдийн засгийн хөгжлөөрөө Монголыг хол орхиход хүрсэн хөшүүрэг нь ураны олборлолт, экспорт. Тэд өнөөдөр дэлхийн ураны нөөцийн 15 хувийг бүрдүүлдэг, үйлдвэрлэлээрээ нэгд бичигдэж байна.

Атал монголчууд “Монгол Улс гадныханд нээлттэй байж болохгүй” гэж Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Х.Баттулга нараас эхлээд жадлан эсэргүүцээд сууж байна. Гадаадын хөрөнгө оруулалт ярих бүрт хятадуудаар айлгадаг арга, технологи нь яасан ч амь бөхтэй юм. Иргэд нь энэ мэт пропагандад яасан ч итгэж дуусдаггүй юм.

Гадаадынханд зуун жилээр газар эзэмшүүлэх нь гэсэн гадна, дотнын явуулга үндсэндээ Тавантолгойг хятадуудад өгөх нь гэж төслийг нь нураагаад төмөр замыг нь вагонтай нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлчихсан өмнөх хэрэгтээ яг адилхан юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал хөндөгдөх бүрт дотоодын дайснуудын үг-үйлдэл энэ мэт идэвхждэг, эрс эсэргүүцдэг.

2.

Нэг ёсондоо, гуравдагч хөршийн оролцоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг татах нь Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулах гэсэн арга тактик. Мэдээж, гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь эдийн засаг, экспорт, импортын хувьд мөнхийн хараат байлгах гэсэн мөнхийн хөршүүдэд таатай санагдахгүй нь лав. Тэр тусмаа оросууд Монголыг ураны салбар дахь ашиг со­нирх­­­лоо хангах түшиц газар гэж хардаг, тэр үүднээс манай ураны салбарт хэрэгжихээр төлөвлөсөн, тохирсон төслүүдийг монголчуудаар нь нураалгаж ирсэн бодит сургамж бий. Оросуудын шахаа, шантаажаас болж Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг цуцлан Монгол Улсыг 100 сая ам.долларын өрөнд оруулсан нь арваад жилийн өмнөх явдал. Атал 10 жилийн хойно ч монголчууд хоёр толгойтой мал, хордсон газар нутгийн тухай “үлгэр, домогт” итгэсэн хэвээр. Монголчуудын тархийг угаахад хоёр толгойтой тугалын зураг, хоёр хужаагийн тухай хов байхад л хангалттай.

Атал нь яагаад оросууд Дорнодын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эсэргүүцээд байдаг вэ гэвэл тус орд нь Оросын Байгалийн чинад дахь Приаргунскийн уулын баяжуулах үйлдвэрээс ердөө 400 км зайтай бөгөөд төмөр замаар холбогдсон нь Кремдийн сонирхолд бүрэн нийцдэг гэсэн үг.

Хэрэвзээ монголчууд Францын төрийн өмчид “Орано”-тай ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулчихвал оросуудад ашиггүй. Тиймээс Монголын эрх ашгаас илүү Оросын эрх ашгийг нэгд тавьдаг “монгол ялна”-чууд Төрийн ордны дотор ч байна, гадна ч байна. Баяннуурын хятад ченжүүдтэй хамтарч, Монголын нүүрс тээврийн салбарыг “атгачихсан” А.Адъяасүрэн хүртэл хятадуудаар биднийг айлгаад сууж байгаа нь  эх орон газар шорооныхоо төлөө лав биш. Үнэхээр эх орон газар шороогоо гэдэг  байсан бол А.Адъяасүрэн гишүүн Өмнөговийн газар нутгийг “үзэн, ядаад” байгаа хятадууддаа аваад өгөх байсан уу?,гээд бод, бод.

Газрыг зуун жилээр гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх заалт өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд бий. Үүнийг улстөржүүлж буйн цаад башир арга нь ураны төслийг унагаах зорилготой байж мэднэ. Хүний улстөрчид хөрөнгө оруулалт татан улсаа хөгжүүлдэг байхад манай улстөрчид хөрөнгө оруулагчдаа хөөж улсаа тонож л суудаг…!

 

https://news.mn/r/2705525/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen