“Aрева” уран хайж дууссан, одоо...

“Aрева” уран хайж дууссан, одоо...

 

Уран олборлолтоор бас муу туршлагаараа дэлхийд тэргүүлэгч Францын "Арева” компанийн Монголыг залгих далд аюул хэсэг хугацаанд нойрмог байснаа саяхнаас сэрж эхэллээ. Тэд өмнө нь зөвхөн хайгуулын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсныг монголчууд мэднэ.

Ингэхдээ ямар хор уршиг учруулсныг Дорноговь аймгийн Улаанбадрах сумынханд учирсан гашуун жишээгээр монголчууд андахгүй.
 
Тэгвэл одоо ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэх нь. 2015 онд авсан ашиглалтын таван зөвшөөрлөө дэлхийн зах зээл дээр чулуу болгох төлөвлөгөө нь ийнхүү хэрэгжиж эхлэх нь ээ. Энэ бол Монголын хүн малыг эх нутагтай нь сүйтгэх аварга том "Хорт могой” ичээнээс гарч ирэхтэй адил юм.
 
Ер нь бол 2008- 2009 онд С.Баярын үед Монголд олгогдсон ураны 100 гаруй зөвшөөрлөөс "Арева Монгол” компани 41-ийг нь эзэмшиж байв. Иргэний нийгмийн байгууллагуудын тэмцлийн дүнд тэр нь өнөөдөр 37 болсон байдаг ч бүгд 2020 он хүртэл хугацаатай. Лицензүүд Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дорнод, Архангай аймгийн нутгийг хамардгаас тав нь ашиглалтынх юм.
 
Харин одоо өнгөрсөн жилүүдэд яагаад чимээгүй байсан, өдгөө гэнэт сэрсэний учир, ямар айдас, аюул дагуулж байна вэ гэдэгт асуултын хариу сонирхол татаж байна.

"Арева Монгол” компанийн албан ёсны хуудаст зочлоход 2015 оноос Монголд ураны олборлолт-ашиглалтын ажлыг эхлүүлнэ” гэж мэдэгдсэн байгаа. Мөн уран хор аюулгүй хэмээн тайлбарласан нь ч бий. Харин энэ хүртэл яагаад гэнэт чимээгүй болов гэвэл, хайгуулын ажлын тайландаа Улаанбадрахад тарьсан уршгаа хэрхэн "угааж” оруулах вэ, нэрээ яаж цэвэрлэх вэ гэдэгт анхаарчээ. Бас ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө хийх сурталчилгаанд тархиа гашилгасан байна.
 
Тухайлбал, "Хил хязгааргүй малын эмч нарын холбоо” гэх ТББ- д 1.1 тэрбум төгрөг өгч хайгуул хийсэн газруудад гарсан хүн, малын өвчин нь уран болон цацрагт идэвхт бодисоос болоогүй гэсэн дүгнэлт-тархи угаалтыг хийлгэжээ. Гэтэл Монголын Засгийн газрын 2013 оны дүгнэлтэд мал үхсэн нь цацраг идэвхт бодисоос болсон” гэж цагаан дээр хараар бий. Тэд дээрх судалгааг хийлгэх зуур уран олборлох бэлтгэл ажлаа амжуулж, энэ чиглэлийн тоног, төхөөрөмжөө Монголд оруулж ирэн Дорноговийн Улаанбадрахад байршуулсан мэдээлэл байна.
 
Эдийн засгийн нөхцөл байдлын тухайд өөр шалтгаан ч бас байна. 2011 онд Японд "Фүкүшима”-гийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш дэлхий нийтээр ураны хэрэглээ, атомын цахилгаан станцаас татгалзах болсон. Уран болон цацраг идэвхт бодис, энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр унасан. Иймд " Арева” дампуурахад хүрч 2014 онд гэхэд 4.8 тэрбум еврогийн (5.4 тэрбум ам.доллар) алдагдалтай ажиллажээ. Нийтдээ 3.6 тэрбум еврогоор үнэлдэгддэг "Арева” компанийн нийт өр тухайн үед 5.8 тэрбум евро хүрсэн байдаг.
 
Ажиглагч, судлаачдын зүгээс тэр үед юу ярьж байсныг онцолбол "Дампууралд хүрч буй компани хамгийн аюултай, хамгийн хямд аргаар уран олборлож ашиг олохыг хичээх нь тодорхой бөгөөд байгаль орчны сүйрэл, гарз хохирлыг хариуцах эзэнгүй болох аюултай” хэмээн дэлхийн уран эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлж байв. Манайд эсрэгээрээ 2015 онд "Арева” -ийн охин компани "Кожеговь”-д хоёр ч зөвшөөрлийг /Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийгээд ирсний дараа/ олгосон байдаг.
 

...2015 онд Монголд уран ашиглаж эхэлнэ гэчихээд өдгөө 2017 он хүртэл чимээгүй явж ирсэн нь дэлхийн зах зээл дээр ураны үнэ унасантай холбоотой...

 
Ийнхүү "Арева” компаний хайгуулийн зөвшөөрлөө нэмж, бас ашиглалтынх болгон шинэчлүүлэн 2015 онд Монголд уран ашиглаж эхэлнэ гэчихээд өдгөө 2017 он хүртэл чимээгүй явж ирсэн нь дэлхийн зах зээл дээр ураны үнэ унасантай холбоотой гэж ойлгогдож байгаа юм. Үүнийг батлах бас нэг баримт бол "Арева” компани 2010 онд Дорноговийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуулын зөвшөөрлөөр туршилтын олборлолт хийж, 2.7 тонн шар нунтаг олборлосноо Монголын хилээр өнөө хүртэл гаргаагүй. Хаана байгааг зарим эх сурвалжаас тодруулахад "Улаанбадрахад тусгай камерт хадгалж байгаа. Сорьц, дээжийг олон улс руу явуулж үнэлүүлж, танилцуулж байдаг” гэсэн мэдээллийг өгч байна.
 

СҮЙРЛИЙН ИРМЭГ ДЭХ СҮХБААТАР

 

Сүхбаатар нутаг малын шүлхий, цэцэг өвчин аалзны тор шиг хэрсэн ганцхан аймгаар тодроод байна.

 
"Зууны мэдээ” сонин "Арева”-гийн охин компани "Кожеговь” Дорноговийн Улаанбадрахыг сүйтгэж, хүн мал, байгаль орчныг нь там болгож орхиод одоо Сүхбаатар аймгийг онилж байгааг "Жанжны нутаг сүйрлийг ирмэгт” цуврал нийтлэлээр хэд хэдэн удаа хөндөж бичсэн. Энэ санамсаргүй биш бодитой, баримттай мэдээллүүдээс эхлэлтэй юм. Өнөөдөр Сүхбаатар нутаг малын шүлхий, цэцэг өвчин аалзны тор шиг хэрсэн ганцхан аймгаар тодроод байна. Зээрийн сүрэг шүлхий өвчин тараагаад байна, хорьж дийлдэхгүй, баригдахгүй зэрлэг амьтдыг яалтай вэ хэмээн дээр, доргүй халаглах. Тэгвэл энэ бол нэг ёсондоо "Арева”-гийн охин компани "Кожеговь” Сүхбаатарт нүүж очихоор замаа, буйраа сэлгэж, малын бэлчээр, зам талбайг чөлөөлж ашиглалтын талбайгаа гаргаж байгаа хэрэг гээд хэлчихэд хилсдэхгүй. Зээр бол зэрлэг амьтан. Өвчний вирусыг тээвэрлэгч болохоос үүсгэгч биш. Энэ үйл явдал хэрхэн өрнөж ирснийг сануулах нь уншигч, олон нийтэд ойлгомжтой байх.
 
Ер нь бол "Арева” компани одоогоос зургаан жилийн өмнө Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тухайн үед үхрийн боом өвчин ихээр гарч, "Ноцтой мэдээ” сонин дээрх хоёр үйл явдлыг холбосон тун сонирхолтой сэдвийг хөндөн бичиж байв. Тухайлбал, Солонгост үхрийн өвчин гарсан нь уул уурхайн компанитай холбоотой байсан бөгөөд ашиглалтын талбайгаа чөлөөлөх гэж зориуд үхрийн өвчин тархаасан байна. Тэгэхээр Сүхбаатар аймагт болж буй үйл явдал уул уурхайтай холбоотой юм биш биз гэсэн санааг дэвшүүлсэн байсан.

...Ураныг ялгаж аваад бусдыг нь хаячихаар тэр нь цацраг идэвхт бодисын хог, хаягдал болдог. Улаанбадрах суманд мал, хүнхордсон, өвдсөн зэрэг үйл явдал ийм хог хаягдлаас эхтэй...

 
Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өрөмдлөгийн компаниуд оччихсон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсныг уншигчид мартаагүй болов уу. Тэд хүмүүсийн анхаарал сонгууль руу чиглэснийг далимдуулан эртний хүн чулуун хөрөг, хөшөө дурсгалуудыг зөөж, түүнд нь иргэд дургүйцэж тэмцэж байв. Энэ үйл явдлыг хөшөө, дурсгал тоолох, соёлын ажил хэмээн ойлгуулах гэсэн тархи угаалт ч бас гарч байлаа. Тэгвэл тэр нь "Арева”-гийн зөвшөөрөл авсан бүс нутаг, өөрөөр хэлбэл ураны хайгуулын координат бүхий газруудад тэдний туслан гүйцэтгэгч буюу өрмийн компаниуд ажилладаг. Тэд өрөм тавьж, уран газрын гүний аль давхаргад байгааг илрүүлэх ажлыг хийдэг. Ураныг илрүүлтэл хэдэн ч давхарыг өрөмдөж болно. Энгийн үгээр хэлэхэд, газар доорх тэдгээр давхаргад байгаа алт, мөнгө нь ч газрын гадарга доор байдаг нян бактери гээд сайн, муу бүх зүйл өрөмдлөгөөр ил болж гарч ирдэг гэсэн үг. Тэд гагц уранаа л илрүүлж олж өгөх үүрэгтэй. Ураныг ялгаж аваад бусдыг нь хаячихаар тэр нь цацраг идэвхт бодисын хог, хаягдал болдог. Улаанбадрах суманд мал, хүнхордсон, өвдсөн зэрэг үйл явдал ийм хог хаягдлаас эхтэй гэдгийг газар дээр нь очиж ажилласан судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд хэлж байсныг саная.
 
Тэгвэл өнөөдөр Сүхбаатар аймгийг бүхэлд нь хэрсэн малын шүлхий, цэцэг өвчний учир амархан тайлагдана. Ураны хайгуулын өрөм тавьсан газруудаас малын шүлхий, цэцэг өвчин эхлэлтэй гэдгийг зарим ТББ судалж, баримтжуулж байгаа юм билээ. Ураны хайгуул хийсэн өнгөрсөн жилүүдэд хаана юу болсныг хүмүүс мартаагүй. Хор уршиг нь ч арилаагүй, харин ч улам нэмэгдэж байна. Тэгвэл одоо "Арева” компани Монголд олборлолт, ашиглалтаа эхлүүлэх нь. Монгол Улс 21 аймагтай, "Арева” компани ураны 37 лицензтэй. Хэн нь үлдэх бол...

Эх сурвалж: Зууны мэдээ
Ч.Зотол


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen