Москва ураны төслийн эсрэг бойкот хийж эхэлсэн үү

Москва ураны төслийн эсрэг бойкот хийж эхэлсэн үү

 

Францын төрийн өмчит "Орано майнинг" компанид 1997 онд буюу 27 жилийн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулын анхны тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Ийнхүү Францын тал Монголын геополитикийн гадаад нөхцөл байдал, дотоод улс төрийн зөрчил нэг талдаа гарах цагийг манай долоон өөр парламентын бүрэн эрхийн хугацаанд хүлээж ирсэн түүхтэй.

Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2023 оны тавдугаар сард Монгол Улсад түүхэн айлчлал хийх үеэр манай улстай цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. "Орано майнинг" болон Франц-Монголын хамтарсан “Бадрах-Энержи” ХХК-ийн удирдлагууд тухайн үед “Зөөвч-Овоо” ураны төсөлд худалдан авагч тал буюу БНХАУ-тай тохиролцоонд хүрсэн. Ингэснээр ураны төсөлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах суурь бүрдсэн гэх мессежийг өгч байв.

Улмаар Монгол Улсын Засгийн газар ураны төсөлд Францтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн зун "Орано майнинг" болон Монгол Улс дахь “Бадрах-Энержи” ХХК-тай “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл болон санхүүгийн загварчлал дээр зарчмын ойлголцолд хүрсэн юм.

Дараа нь, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард Францад айлчлал хийх үеэр хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр хэлэлцээ хийж, урьдчилсан зөвшилцөл байгуулсан. Парист болсон төрийн тэргүүн нарын уулзалтаар талууд ураны төсөл дээр харилцан ашигтай ажиллах, Монголын тал хөрөнгө оруулалт болон санхүүжилтэд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй буюу өрөнд үүсэхгүйгээр үр өгөөжийг нь шууд хүртэх ерөнхий тохиролцоонд хүрсэн. Төслийн явцад Монгол Улс нийт 3.2 тэрбум ам.долларын татварын орлого, 1.5 тэрбум ам.долларын АМНАТ, 400 сая ам.долларын ногдол ашиг буюу нийт 4.3 тэрбум ам.долларын ашиг хүртэх тооцолол хийгдээд байгаа.

"Орано майнинг" компанийн тэргүүн Клауд Имаувен тухайн үед “Зөөвч-Овоо” төслийн олборлолт 2028 онд эхлэх бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд 700 шууд ажлын байр шинээр бий болж, нийт ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байх талаар мэдээлж байв.

Ийнхүү 27 жил Монголын дотоод улстөржилт, гадаад нөхцөл байдлыг сөрж, зөвхөн цаасан дээр яригдаж ирсэн ураны төсөл хөдлөх хүлээлт бий болсон. Мэдээж уг төслийн эдийн засгийн үр өгөөж нь Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн алинтай нь ч дүйж очихгүй. Гэхдээ Монгол Улсын гадаад бодлогын хувьд Оюутолгойн дараа орох барууны хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын хувьд алсдаа цэвэр эрчим хүчний чиглэлд дэлхийд тэргүүлэгч Францын технологийг эзэмшиж, цөмийн эрчим хүч ашиглах боломжийг нээх өндөр ач холбогдолтой стратегийн төсөл юм.

Гэвч оны өмнө ураны төсөлтэй холбоотой асуудлаар Монгол Улсад ажиллах Францын төлөөлөгчид Улаанбаатарт газардалгүй шууд буцсан. Монгол Улсын хөрш орнуудтайгаа хийх гадаад харилцааны асуудлаас шалтгаалж ураны хэлэлцээ дахин зогсох эрсдэлд орсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар болон манай улс дахь Францын Элчин сайдын яамны зүгээс сошиал орчинд тарсан мэдээлэл нь ташаа бөгөөд ажлын хэсгийн түвшинд талуудын ажил идэвхтэй үргэлжилж байгаа талаар албан ёсоор мэдээлсэн юм.

Гэвч Москвагийн зүгээс зөвхөн Францтай хамтарсан ураны төсөл төдийгүй Монгол Улсын эрчим хүчний бусад төслүүдэд төдийлөн таатай ханддаггүй нь олон үйл явдлаас ажиглагддаг. Хамгийн сүүлд, Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалаас өмнө буюу есдүгээр сарын 21-нд манай хойд хөрш дотоодын хэрэгцээгээ хангах зорилгоор дизель, шатахууны экспортдоо түр хугацаанд хязгаарлалт тогтоосон. Тухайн үед, ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслав Володины Монгол Улсад хийх айлчлал давхацаж байв. Тэрээр айлчлалынхаа үеэр түлш, шатахууны экспортын хязгаарлалт найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй. Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны хязгаарлалт хамаарахгүй гэж мэдэгдсэн. Энэ ч утгаараа шатахууны импорт хэвийн байгааг тухайн манай төрийн байгууллагууд мэдээлж байв. Гэсэн ч оны өмнө Монгол Улсын хэмжээнд түлш, шатахууны хомсдол үүсэж, иргэд ШТС-уудын гадаа хэдэн цагаар дараалалд зогссон үйл явдал тохиосон. Вячеслав Володин манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр V цахилгаан станцын төсөл болон ураны төсөлд Монгол Улстай хамтрах сонирхолтой байгааг илэрхийлж байв.

Хэдий ОХУ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдөр шатахууны экспортын хязгаарлалтаа цуцалсан ч зөвхөн төмөр замаар тээвэрлэх дизель түлшний экспортын хязгаарлалтаа үргэлжлүүлсэн хэвээр байна. Үүнтэй зэрэгцэн дизель түлшний хомсдлоос шалтгаалж уул уурхай, хөдөө аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байгааг салбарынхан нь мэдээлж байгаа юм. Дизелийн нөөц бүрдүүлсэн том уурхайнууд хэвийн ажиллаж байгаа бол жижиг уурхайнуудын үйл ажиллагаа 1-2 сар зогсож магадгүй нөхцөл байдал үүссэн аж. Товчхондоо, өнгөн дээрээ иргэдийн гол хэрэглээ болох АИ-92, АИ-95 шатахууны нийлүүлэлт хэвийн болсон ч монголчуудын өдөр тутмын амьдралд анзаарагддаггүй хэрнэ эдийн засагт чухал үүрэгтэй дизель түлшний нийлүүлэлт тааруу хэвээр байгааг ураны төслийг эсэргүүцсэн Москвагийн “бойкот” гэж зарим судлаач дүгнэсэн байна.

Энэ хардлага ч хоёр талын Ажлын хэсгийн Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах яриа хэлэлцээ удааширсан үйл явдлаар баталгаажиж байна.

 

iToim - Москва ураны төслийн эсрэг бойкот хийж эхэлсэн үү

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen