Урьдчилан сэргийлж болдог өвчнөөр Монголчууд үрэгдсээр байх уу

Урьдчилан сэргийлж болдог өвчнөөр Монголчууд үрэгдсээр байх уу

 

“Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хамт олон Монгол Улсын хоймор нутаг болох хамгийн их хүн амтай, хамгийн сайхан байгальтай, хамгийн хэцүү замтай, олон ястан үндэстний өлгий нутаг Хөвсгөл аймгийн 24 суманд ажиллаад ирлээ. Бид өдөр нь зааланд, шөнө нь замд байж газрын хол, цаг хугацааг мэдрэлгүй зорьсон зорилгодоо хүрэхийн тулд мэрийж зүтгэсээр 30 хоногийн турш 3900 км замыг туулсан байна.

Тусахгүй байж болдог өвчнөөр Монгол эмэгтэйчүүд минь өвчилж,  хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Хичнээн гэр бүл хэдий болтол өнчрөл, хагацал үзэж, хорвоогийн зовлон дээр зовлон нэмсээр байх вэ?

Умайн хүзүүн хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдар дотроо хоёрдугаарт орж, жилд 400 орчим эмэгтэйг үр хүүхэд, хань ижлээс нь булаан авч,  тээж өсгөсөн аав, ээжийг нь өнчрүүлэн гасланд унагаж байна. Монгол Улс дэлхийд умайн хүзүүн хорт хавдрын нас баралт, тохиолдлоороо тэргүүлж байна. Хавдраар эндэж буй  12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний  хавдраас шалтгаалдаг гэсэн судалгаа ч бий. 

Умайн хүзүүн хорт хавдар нь үтрээ болон умайг холбох умайн хүзүүнд үүсэх хавдар бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хавдар юм.  Умайн хүзүүн хорт хавдар нь хавтгай эсийн болон аденокарценома гэсэн үндсэн хоёр төрөлд хуваагддаг бөгөөд хавтгай эсийн хавдар нь нийт умайн хүзүүн хавдрын 80 хувийг эзэлдэг. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж буй хүчин зүйлүүд дотроос голлон нөлөөлж буй нь Хүний хөхөнцөр вирүс \HPV\ бөгөөд эрэгтэйчүүд тээгч байж эмэгтэйчүүдэд халдварладаг. Уг вирүс нь хорт хавдрыг үүсгэгч өндөр эрсдэлтэй бүлгийн вирус (high risk group), бага эрсдэлтэй бүлгийн вирус (low risk group) гэж ангилагддаг. Мөн насжилттай холбоотой байдаг талаар судалгаа хийгдсэн байна.

Хүн өндөр наслах тусам хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг аж. Мөн олон хүүхэд төрүүлсэн, бэлгийн олон хавьтагчтай, дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байна.

Умайн хүзүүн хорт хавдар нь 0-4 хүртэлх  5 үе шаттай байх бөгөөд умайг бүтэн тайрч авах мэс заслыг умайн хүзүүн нэвчилттэй хавдрын 1 болон 2-р шатны эхэн үед хийдэг. Умайн эргэн тойрны эд эс, үтрээний дээд хэсэг, аарцагны тунгалагийн булчирхайг авдаг мэс засал бөгөөд  хорт хавдрын эрт үед мэс засал хийгдсэн тохиолдолд бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Умайн хүзүүний хорт хавдрын 2-р шатны сүүлийн үеэс эхлэн мэс заслаас илүүтэйгээр туяан болон химийн хавсарсан эмчилгээ хийгддэг.

Мэс заслын дараа эдийн шинжилгээний хариунаас бүхэл хэсгээс хорт хавдрын эс гарах юм уу тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн болон умайн ойр тойрны эд эсэд нэвчилттэй байх тохиолдолд хорт хавдар дахих эрсдэлтэй тул туяан болон химийн туслах эмчилгээ хийгддэг. Иймд эрт илрүүлэг маш чухал. Түүнээс илүүурьдчилан сэргийлэх маш чухал ач холбогдолтой.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 6811 эмэгтэйг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт хамруулсан.

Үүнээс умайн хүзүүн хорт хавдар 8, умайн хүзүүний хортой хавдрын сэжигтэй тохиолдол 8, умайн хүзүүн хоргүй хавдар 40, өндгөвчний хоргүй хавдар 22, умайн их биеийн хоргүй хавдар 37, үтрээний үрэвсэл 364, умайн хүзүүний улайлт 288, умайн хүзүүний ургацаг 24  тус тус илэрлээ. Хэрэв эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо энэ цаг үед явагдаагүй бол малчин эмэгтэйчүүд маань гадаа гарч эр, гэрт орж эм болж хамаг ажлаа нуруун дээрээ үүрч явсаар мэдэлгүй хүнд шатанд нь оруулж, хөөрхөн бяцхан үрс, хайрт хань ижлээ орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлэх байсныг хэн мэдэх билээ дээ.

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэлээ ч энэ чимээгүй тахлаас бүрэн сэргийлэгдэж болдог байхад бид өвчилсөн хойно нь тэмцсээр л байх уу. 0-1 үе шатанд оношлуулж чадаагүй л бол алтан амийг нь аврах боломж маш хомс юм.  Гэтэл бид шалтгааныг нь мэдэж байгаа хойно бүрэн урьдчилан сэргийлэх боломж бидэнд байна.

Миний бие ЭМ-ийн дэд сайд байхдаа умайн хүзүүн хорт хавдрын эсрэг 3,6 сая ам.долларын өртөг бүхий “Гардасил” вакциныг АНУ-ын буцалтгүй тусламжаар оруулж ирж, 12-15 насны охиддоо тарьж эхэлж байсан юм. Харамсалтай нь ямар ч мэдлэггүй, хэсэг бүлэг хүмүүсийн буруу зөрүү мэдээллээс болж, мөн засаг солигдож байсан үе таарсан учир охидууд маань нэг тун зарим нь хоёр тун тариулаад зогссон ба нийт вакциныхаа талыг тарьж дуусаад талыг нь үхүүлсэн түүхтэй. Гэтэл бүтэн 3 тун вакцин авах ёстой байсан ба нэг тун вакцин нь 100 ам. долларын өртөгтэй юм. Би 13 настай охиноо олон түмний өмнө вакцинжуулалтад хамруулж манлайлж байсан. Энэ вакцин ямар ч аюулгүй гэдгийг сүүлийн 10 жилийн судалгаа, олон орны хэрэглэсэн туршлага харуулж байна. Иймээс хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакциныг заавал нэвтрүүлэх шаардлагатай юм.

ДЭМБ-ын 120 улс товлолын вакцинаа болгоод байна. Харин 30 гаруй орон товлолын болгохоос гадна өсвөр насны хөвгүүдэээ давхар хамруулж байна. Энэхүү вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлээд зогсохгүй эрэгтэй хүний бэлгэ эрхтэний хорт хавдар, хошногоны үзүүрийн хорт хавдар болон бэлгийн замаар дамжих 25 өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Б.Цэцэгсайхан нарын судлаачид вакцинд хамрагдсан 10000  орчим охидод дагах судалгааг хийхэд 75 хувиас дээш хамгаалах үр дүн гарсан ба олон улсын томоохон сэтгүүлд судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн байна. Харин 2011 онд энэхүү вакцинжуулалтыг хийсэн Их Британи улс умайн хүзүүний хавдрыг 95 хувь бууруулж чадсанаа өнгөрсөн онд зарласан юм.

Гэтэл вакцин эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүсийн буруу ташаа мэдээллээс болж өнгөрсөн 10 жилийн хугацаанд умайн хүзүүний хавдраар 4000 орчим охид, ээжүүдээ алдсан нь харамсалтай. Миний охин 3 тун вакцин тариулсан учир дээрх өвчний алийг нь тусахгүй сэргийлэгдэх нь аз юм. КОВИД-19 үед ч мөн вакцины талаар буруу ташаа мэдээлэл өгч үймүүлэн сүйтгэх асуудал гарч байсан хэдий ч Монголын ард түмэн автагдалгүй бүрэн хамрагдсанаар бид тэрхүү хөнөөлт цар тахлыг нас баралт багатайгаар даван туулж чадсан билээ.

Монголын үрс олон болж, эрүүл саруул, элэг бүтэн байх болтугай.

 

 Ж.ЦОЛМОН

АШУ-ы доктор, профессор

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen