УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ - ХҮРЭН ШАНДЫН УУРХАЙН ЭЗЭН Ч.ЧИНБАТЫН ЭРХ ОХИН
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, “Ундрах говь”, “Баялаг энержи ресурс”, “Монзол” ХХК тэргүүтэй нүүрсний компанитай. Ч.Чинбатыг уул уурхайн салбарынхан “нүүрсний магнат” гэх нь ч бий. Ингэж хочлох нь ч аргагүй юм, өдгөө Ч.Чинбат хамаг л том нүүрсний уурхайг эзэмшдэг. Тухайлбал, Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд MV-017317 дугаартай 350.13 га талбай бүхий Хүрэн шанд нүүрсний уурхайтай. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Эрвэй хошууны овоо гэх уурхайтай. Харин Ч.Чинбатын “Монзол” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших MV-20559 дугаартай, 86.7 га талбай бүхий Бор толгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Түүнчлэн Ч.Чинбатын “Баялаг энержи ресурс”ХХК нь “Өсөх зоос” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Хүрэн шанд нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Зөвхөн “Баялаг энержи ресурс” ХХК-ийн нэр дээр 500 гаруй жолооч, оператор, төдий тооны хүнд даацын машин, техник ажилладаг гэхээр хэр том уурхай болох нь тодорхой биз.
Цаашилбал, Ч.Чинбат “Ундрах говь” ХХК-ийг БНХАУ[1]ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Ч.Чинбатын хамтрагч БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь хувьдаа “Болдфоарда”, “Жунхаовэйеэ” ХХК-ийг эзэмшдэг. Энэ хоёр компани нь мөн л нүүрсний компани бөгөөд “Жунхаовэйеэ” ХХК нь л гэхэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай Хүрээ дэл нүүрсний ордыг эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, Ч.Чинбат, Шэн Янь Жун Бао нарын хамтран эзэмшдэг “Ундрах говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Баруун наран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын автозамыг барих концессын төсөлд шалгарсан. Тэд тус хүнд даацыг автозамыг барьж дууссаныхаа дараа улстөрчидтэй “лоббидож”, хуучин Цагаан дэл уул хилийн боомтыг нээлгэж, улмаар өөрсдийн уурхайнуудын нүүрсийг урд хөрш рүү хямд зардлаар гаргахаар төлөвлөсөн гэдэг.
Ergelt.mn