ТОМИЛОЛТ: Хариуцлагагүй уул уурхайн БАЛАГ

ТОМИЛОЛТ: Хариуцлагагүй уул уурхайн БАЛАГ

 

Монгол улсын уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтөнд үлэмж хувь нэмэр оруулах нөөц бололцоотой чухал салбар юм. Тэр ч утгаараа энэ салбар өнгөрсөн хугацаанд улсын сан хөмрөгийг бүрдүүлэх, орлого нэмэгдүүлэх, иргэддээ хувь хишиг тараах гээд эдийн засгийн хөдөлгөгч хүч байсан. Харамсалтай нь тэд байгаль орчинд ээлтэй байх гэсэн хамгийн чухал зарчмаа орхигдуулсаар өнөөдрийг хүрсэн.

Үүний нэг тусгал нь уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор улсад тэргүүлдэг, ашигт малтмалын арвин нөөцтэй гээд онцлох зүйл ихтэй Өмнөговь аймгийн нутаг дахь хариуцлагагүй уул уурхайн  нөлөөгөөр эвдэрч сүйдсэн, нөхөн сэргээгээгүй орхисон нүх, жалга, шороон овоолго юм.

Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцлагагүй уурхайнуудын балгаар өдрөөс өдөрт агаар нь бохирдож, хөрс талхлагдаж, мал нь бэлчих газаргүй, хүн нь амьдрах нутаггүй болж байгаа талаар нутгийн иргэд ярьдаг.

Арга ч үгүй биз. Зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 108, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 99 лиценз олгогдоод байгаа аж.

 

 

Үүнээс стратегийн гэж нэрлэгдэх Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайтын ордууд Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сумдын нутаг дэвсгэрт багтжээ. Тодруулбал, Ханбогд суманд Оюутолгой ХХК, Цогтцэций суманд “Эрдэнэс таван толгой” ХХК,  “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Гурвантэс суманд “МАК” ХХК, “Чинхуа МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК болон “Өсөх зоос” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Энэ талаар, Өмнөговь аймгийн Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга С.Мөнхбаяраас тодруулахад, “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 9 хувь нь уул уурхайн ашиглалт болон хайгуулын лиценз олгогдсон байна. Хайгуул болон ашиглалтын лицензийн хэмжээ сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж хайгуулын лиценз багасаж, ашиглалтын лиценз нэмэгдэж байгаа. 
Стратегийн ордуудад ажиллаж байгаа компаниудаас гадна Гурвантэс сумын нутагт, Жавхлант орд төсөл, “Сауд гоби коал транс” ХХК, АГМ майнинг гэх алтны уурхай, Ноён сумын нутагт “Терра энержи” ХХК, Мандал овоо суманд “Олон овоот гоулд” ХХК, “Зөв зүг” ХХК ажиллаж байна. Харин Номгон сумын нутагт “Дун юань” ХХК, Ханхонгор суманд “Хангад эксплорэйшн” ХХК, Баян-Овоо суманд “Мөнх ноён суварга” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр уул уурхайг дагаад сумдад автозамын бүтээн байгуулалтын ажлууд яригдаж байгаа. Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 80 гаруй км хатуу хучилттай зам барьсан. Баяндалай сумаас цааш Гурвантэс сум хүртэл шороон зам байгаа. Энэ замыг ядаж сайжруулсан зам болгох цаашлаад хатуу хучилттай зам болгох шаардлага бий болсон. Энэ тал дээр Баяндалай, Сэврэй, Ноён сумын иргэд шаардлага тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд аймгийн уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 0.008 хувь нь Өмнөговь аймагт эргээд хуваарилагдаж ирсэн байдаг” гэлээ.

 Уул уурхайтай аймаг, сумд хамгийн ихээр байгаль орчны эрсдэлд орж байдаг нь манай улсын бичигдээгүй хууль. Энэ нь сумын суугуул оршин суугчдад халтай. Үүнийг Өмнөговь аймгийн жишээ тодхон харуулж байна. 

 

Гэтэл уул уурхай өндөр хөгжсөн орнуудын иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг боловсрол өндөр учраас хэл ам гараад байдаггүй, нөгөө талаар компаниуд нь үйл ажиллагаагаа эхнээс нь хуулийн хүрээнд олон нийтэд ил тод мэдээлэл өгч ажилладаг байна. 

Тухайлбал, сүүлийн жилүүдэд ашигт малтмалаа дэлхийн зах зээлд гаргаж, олон улсад гол тоглогч болж өдий төдийгөөр доллар халаасалж чадаж буй Австралийн туршлага моодонд ороод байгаа. Тодруулбал, Австралийн Күинслэнд мужийн Дарлинг Даунс бүс нутгийн Түвүүмба хоттой ойролцоо орших Нью-Акландын нүүрсний уурхайд олборлолт явуулж буй ч залгаа газартаа нөхөн сэргээлтийг хамтатган хийдэг бөгөөд нөхөн сэргээсэн газарт ан амьтан чуулж хүмүүс фермерийн аж ахуй эрхэлдэг аж. Мөн уул уурхайн компаниуд нь иргэддээ мэдээлэл өгөх төвтэй, үйл ажиллагаа нь ил тод.

Хамгийн том ялгаа нь манайх гол төлөв ухсан нүхэндээ шороогоо буцааж булахыг нөхөн сэргээлт гэдэг бол холын ногоон тивд төрөл бүрийн ургамал тарьж ан амьтан жигүүртэн шувууд чуулдаг жаргалын орон болгож сэргээдэг гээд  өдөр, шөнө шиг ялгаатай. 

Гэтэл энэ асуудалд анхаарал хандуулж, газар нутгаа хамгаалах учиртай эрх бүхий хүмүүс болох орон нутгийн удирдлага, сум, баг, аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн Засаг дарга хүртэлх бүхий л албан тушаалтнууд хариуцлагагүй уул уурхайн өмнө хүчин мөхөсдөж байгаагаа хэлж байсан юм. 

 

Тиймээс энэ асуудалд төрөөс анхаарал хандуулж, арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг энд тэмдэглэн хэлэх хэрэгтэй биз ээ.  

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/36c0heaea

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen