БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Бүгд Найрамдах Австри Улс нь Монгол Улсын гуравдагч хөршийн нэг бөгөөд Европын Холбоо, түүний дотор Австри Улс манай улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг тууштай дэмжиж ирсэн нь талархалтай байдгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбар тасралтгүй идэвхтэй өрнөж байгааг Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэмдэглээд цаашид хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй буйгаа дурдлаа.

 

Тэрбээр, хоёр улсын төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах нь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой. Иймд Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллэнийг Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байна. Уг айлчлал нь хоёр ард түмний эв нэгдлийг нэмэгдүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн сацуу нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй хөгжиж ирсэн өнгөрч буй 60 жилийн түүхийг баяжуулж, хамтын ажиллагааны шинэ 60 жилийн эхлэлийг тавих бат бэх суурь болно гэдгийг тэмдэглэв. Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич найрсаг дотноор хүлээн авсанд Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг тууштай хамгаалж ирснийг онцоллоо.

Австри, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ цаг үед хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Тэрбээр, хоёр орны ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа бататгах, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

 

Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, хүндрэл, бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар давна гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлсэн. Мөн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

 

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Коринна Шарценбергер, Ханнес Амесбауэр, Мартин Күнсберг-Сарре нар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen