Утаа хийгээд хагас коксон түлш хэмээх салаа зам

Утаа хийгээд хагас коксон түлш хэмээх салаа зам

 

Утаа бол улаанбаатарчуудын төдийгүй нийт монголчуудын мөнхийн сэдэв болоод удаж байна. Түүхий нүүрс түлдэг байх үед урдах замаа харахаа больдог байсныг өнөөдөр зарим нь бараг мартсан. Учир нь тийм л их утаатай үед нь “Сайжруулсан шахмал түлш”-ийг хэрэглээнд нэвтрүүлж, түүхий нүүрсийг Улаанбаатар хотод худалдаалахыг хориглож байв. Гэхдээ манайхны өнөөх л хэнэггүй, дүрэм журам биелүүлдэггүй, хар амиа бодсон үйлдлийг зүгшрүүлэх гэж нэлээд ажил болсон. Сайжруулсан шахмал түлшний хувьд нийслэлийн утааг 40 хувиар бууруулахаар тооцож, анх хэрэглээнд нэвтрүүлж байлаа. Одоо санаж байгаа бол шахмал түлшийг хэрэглэсэн эхний жил бид бараг л утаагүй өвөлжсөн. Харин дараа, дараагийн жилээс нь утаатай байна, хоолой хорсгож байна гэх гомдлууд гарах болсон нь нууц биш. Тэгвэл мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол сайжруулсан шахмал түлш өөрийн үүргээ 100 хувь биелүүлсэн гэнэ. Нэг үгээр бол түүхий нүүрс хэрэглэж байх үеийн утааг 40 хувиар бууруулсан гэсэн үг. Харин түүнээс хойш өнөөх буурсан 40 хувьтайгаа л байгаа.

Шахмал түлшийг цаашид хэчнээн ч жил түлсэн үүнээс цааш 50, 60 хувь бууруулах боломжгүй, түүний чадал нь ердөө л энэ. Тиймээс Эрчим хүчний яам, Тавантолгой түлш компаниас энэ хавраас хагас коксон түлш үйлдвэрлэж, туршилт хийсэн байдаг. Энэхүү туршилтаар хүхрийн хэмжээ л гэхэд 0.41 болтлоо буурчээ. Одоо хэрэглэж байгаа шахмал түлшийг түлэхэд хүхрийн хэмжээ 0.97 байдаг байна. Мөн 100% хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүн гарсан бөгөөд туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг улсын стандарттай ижил түвшинд хүрчээ. Тийм ч учраас холбогдох яам, Тавантолгой түлш компанийнханы зүгээс энэ жилд тус түлшийг 45 хоногийн турш хэрэглээнд нэвтрүүлж, утаа хэрхэн багасахыг туршиж үзэхээр шийдвэрлэсэн байна.

2023-2024 оны өвлийн улирлын 12, нэгдүгээр сард хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг айл өрх хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт 2022 оны мөн үетэй харьцуулбал aгаарт хаягдах тоосонцорын хэмжээ 72.6, хүхэрлэг хийн хэмжээ 85.5, угаарын хийн хэмжээ 10.8, азотын исэл 23.5 хувиар тус тус буурна гэсэн тооцооллыг ч гаргажээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-д танилцуулсан бөгөөд нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 158 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас түлшээ бэлдэх хагас коксыг авах тухай мэдэгдсэн. Харин эргээд энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, “БНХАУ-д коксжих нүүрсээ зарчихаад буцаагаад худалдан авч түлш хийх гэж байна” гэсэн байдлыг бий болгосон.

Тэгвэл хагас кокс гэдэг нь өндөр дэгдэмхийтэй нүүрсийг нам, дунд температурын буюу 500°-700° градусын орчинд хуурай пиролизын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүнийг хэлдэг байна. Тэгвэл сайн чанарын чулуун нүүрсийг коксжих нүүрс гэх бөгөөд агааргүй орчинд өндөр температурт боловсруулж металлургийн кокс гарган авч гангийн үйлдвэр, төмрийн хүдэр хайлуулахад хэрэглэдэг аж. Харин коксжих нүүрс буюу металлургийн нүүрсийг ахуйн хэрэглээнд болон утаагүй шахмал түлшинд ашиглах боломжгүй гэнэ. Ялгаа нь ердөө л энэ. Одоогоор манай улсад хагас кокс гарган авдаг үйлдвэр нь байхгүй учраас урд хөршөөсөө худалдан авах сонголт л байгаа тухай л Эрчим хүчний сайд нь хэлсэн хэрэг. Нийслэлийн босгох 500 тэрбум төгрөгийн бондны 158.6 тэрбумыг нь хагас кокс болох түүхий эдээ урд хөршөөс худалдаж авахад зарцуулах бөгөөд нийт үйлдвэрийн алдагдлыг тооцвол эцсийн дүндээ 108240 тонн шахмал түлшийг үйлдвэрлэх тооцоотой байгаа ажээ.

Ийн хийхэд нийт зардал нь нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд 1.5 сая төгрөг болно. Харин айл өрхөд 150 мянган төгрөгөөр буюу мидлингээр хийсэн шахмал түлштэй ижил үнээр борлуулах бөгөөд зөрүүг нь нийслэлийн төсөвт суутгаж, “Тавантолгой түлш” компанийн нэр дээр алдагдал болгон бичихээс өөр сонголтгүйг сайд хэлж байна лээ. Дээр хэлсэнчлэн анх шахмал түлшийг хэрглээнд нэвтрүүлэхэд утаа 40 хувь буурсан бол хагас коксоор хийсэн шахмал түлшийг түлж эхэлснээр одоогийнхоосоо 45.5 хувиар буурах бөгөөд хүхэрлэг хийн хэмжээ хэвийн түвшинд очно гэдгийг мэргэжилтнүүдийн судалгаа харуулж байгаа юм.

УТАА БА УЛС ТӨР

 

Утаа бол улстөрчдийн бас л мөнхийн сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Зарим нэг нь гишүүн болох замаа засаж, олон таалагдах хэрэгсэл болгодог бол утаатай тэмцэж буй нэрийдлээр Ерөнхийлөгчийн зөвлөх хүртэл дэвшиж явсан түүх ч бий. Тиймээс энэ удаад ч гэсэн улс төргүйгээр утааны асуудал яригдахгүй л болов уу. Сайдынх нь хийсэн мэдэгдлийн “Туршилт” гэдэг үгэн дээр л гэхэд улс төр явагдаж, мэдлэг, мэдээлэл хомс байгаа олон нийтийг энэ тал руу турхирсан. Дээрээс нь хагас коксон түлшийг ид утааны 45 хоногт хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гаргах гол хүн нь нийслэлийн Засаг дарга.

Одоогийн байдлаар хагас кокс урд хөршөөс худалдан авах тендер явуулах зөвшөөрлийг өгөөгүй байгаа. Дээрээс нь олон нийтийн шүүмжлэл байгаа учраас хотын мер энэ зөвшөөрлийг өгөхгүй байх вий гэсэн болгоомжлол ч харьяа яамныхан, мэргэжилтнүүдийн дунд буй. Дээрээс нь наанаа хэдийгээр засаг дээрээ үүнийг дэмжиж байгаа боловч начир дээрээ олон нийтэд таалагдахын тулд эсэргүүцэх сайд нар гарахыг үгүйсгэхгүй. Учир нь 2024 оны Их хурлын сонгууль айлсаад буучихсан байгаа энэ үед ирээдүйн улс төрдөө утааг ашиглах хүмүүс захаас аваад гарна.

Ийм улс төр хийж байгаа хүмүүст Улаанбаатар утаатай байх эсэх, иргэд нь утаанд хордож, эмчилгээнд халаасаа сэгсэрч байх тусмаа ашигтай. Тиймээс Б.Чойжилсүрэн сайд энэ мэт улс төрөө давж гараад утааг багасгах ажлаа хийж чадах эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ. Хэрэв давж чадахгүй, дэмжигдэхгүй бол энэ жил ч гэсэн улаанбаатарчууд утаан дундаа униартанхан өвөлжихөөс өөр аргагүй болно гэсэн үг. Ийм л салаа замын уулзвар дээр улаанбаатарчууд, улстөрчид зогсож байна.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen