ОУВС-г урдаа барьж сонгуулийн амлалтаас ухарч болохгүй гэв

МАХН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан, Нарийн бичгийн дарга Б.Тулга нарын хүмүүс  өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тус намын бага хурал өнгөрсөн сард болсон. Тэгвэл хуралдаанаар Гүйцэтгэх товчооны 20 хүнийг шинээр сонгож, Үндсэн хуулийг шинэчлэн төсөл боловсруулснаас  гадна хоёр асуудлаар мэдэгдэл гаргажээ.

"Эрдэнэт” болон  Монросцветметийн хувьцааны талаар гаргасан мэдэгдэлдээ  "МАХН-ын Бага чуулганы гишүүд бид "Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувийн асуудал дээр дараах байр суурийг барьж байна. Үүнд: нэгдүгээрт, "Зэс молбиден” орд, "Асгатын мөнгөний орд” нь УИХ-ын 18 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан ордууд юм. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлцэл, хууль тогтоомжийн дагуу ард түмний мэдэлд байх ёстой. Гагцхүү УИХ эдгээр орд, эзэмшиж буй хувьцаа, өмч эзэмшлийн талаарх эцсийн шийдвэрийг гаргах хуультай. Хоёрдугаарт, МАХН стратегийн ач холбогдолтой ордыг ард түмний дундын өмч гэж үздэг бөгөөд ард түмний санал асуулгаар ашиглах асуудлыг шийдэж байх ёстой гэж үздэг. Гуравдугаарт, УИХ, Засгийн газар, шүүхийн байгууллага "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн асуудлыг шалгах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн төрийн өмчид байгаа хувьцааг Өмнөд африкийн банкинд хууль бусаар барьцаалсан, эрх мэдлээ хэтрүүлэн хувьдаа завшсан байж болзошгүй гэмт үйлдлийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, нэн даруй олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна. Дөрөвдүгээрт, хэрэг бүртгэх мөрдөн байцаах газар,  Авлигатай тэмцэх газар, прокурор нь авлига авах, өгөх, зуучлах, мөнгө угаах зэрэг гэмт үйлдэл хийсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, шударга ёсыг тогтоох арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой гэж үзэж байна” гэсэн байна.

Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүгийн  хөтөлбөрийн тухайд гаргасан мэдэгдэлдээ  "Монгол Ардын Нам нь 2016 оны УИХ-ийн сонгуулиар ард түмэндээ амалсан амлалтаасаа бүрэн ухарч татварыг нэмэгдүүлэх, цалин тэтгэвэрийг нэмэхгүй байх замаар олигархуудын авсан өр, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

2016 оныг хүртэл МАН,  АН-тай хамтран засаг барьж байсан бөгөөд 2012- 2016 онд Сангийн сайд хийж байсан хоёр хүн МАН-ын 65-ын бүлэгт байгаа бөгөөд, нэг нь Ерөнхий сайд хийж байна. 2012-2016 онд Шадар сайд хийж байсан хоёр хүн МАН-ийн бүлэгт байгаа бөгөөд нэг нь өнөөдөр ч Шадар сайдаа хийсээр л байна. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга хийж байсан МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр ч УИХ-ын дарга бөгөөд МАН- ын даргын үүрэгт ажлаа хийсээр л байна. Өмнөх Засгийн газрын тавьсан өр, хөгжлийн бондын мөнгийг МАН болон АН-ын улс төрд нөлөө бүхий хүмүүс л хувааж авсан бөгөөд ард түмэн огт хүртээгүй, ард түмэнд огт хүртээлгүй юм. Улсын өр гэгдэж буй их хэмжээний өр зээлийг хувааж авсан бүх хүн өнөөдөр УИХ-д сууж, УИХ-ын гишүүн, зарим нь сайдын албыг хашиж байна.Иймд МАН нь өмнөх Засгийн газрын ажлыг мэдээгүй, эдийн засгийн тэр дундаа өр зээлийн асуудлыг мэдээгүй байсан гэх ямар ч үндэслэлгүй бөгөөд хэрвээ хариуцлага хүлээх бол адилхан хариуцлага хүлээх зүй ёсны үүрэгтэй.

2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмэндээ "өр нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлнэ” гэж амалсан бөгөөд ард түмэн чухамхүү энэхүү амлалтыг үндэслэн итгэл хүлээлгэж та бүхэнд 65 суудал өгсөн. Хэрвээ ОУВС гэх олон улсын байгууллагын нэрийг урдаа барьж сонгуулийн амлалтаас ухарч байгаа бол үүнийг өмнөх Засгийн газрын үеийн ажил байдлыг мэдээгүй байснаас үүдсэн гэж үзэх ямар ч боломжгүй ба харин ч мэдсээр байж ард түмнийг хууран мэхэлсэн, хууль бусаар худал амлаж төр, засгийн эрх мэдлийг авсан гэж үзэх болно. Хэрвээ цаашид сонгуулийн амлалтаас ухран буцах, хууран мэхпэх ажлаа үргэлжлүүлсээр байвал МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно. УИХ, Засгийн газрыг Монгол Улсын эдийн засагт зөв зүйтэй бодит үнэлэлт өгч, цалин тэтгэвэрийг цаг алдалгүй нэмэх замаар эдийн засгийн хямралаас гаргах арга замыг хайж олохыг Ард түмний нэрийн өмнөөс шаардаж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen