Улсад хохирол учруулсан гэх С.Тунгалаг дахин төрийн албанд шургалжээ

 

-Хар мөртөй, хар сүүдэртэй нэгэн шагнал хариуцсан мэргэжилтнээр дахин төрийн албанд шургалсан нь хэн гэгч том гартай эрхмийн гавьяа вэ-

УИХ-д олонх болсон МАН-ынхан боловсон хүчний хомсдолд ороо юу гэх бодол хүн болгонд төрөх болсон. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн 2011 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч олон нийтийг цочирдуулж байсан цаг саяхан. Тэгвэл шүүхээр гэм буруутай нь тогтоогдож "Бүгд Найрамдах…” уншуулж байсан эл хатагтай Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шагнал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон байх юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр тус газрын Захиргаа, төлөвлөлт хяналт шинжилгээний хэлтэст шагнал хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалыг хаших болжээ.

Уснаас хуурай гарч чадсан азтай хатагтай

Түүний холбогдож байсан хэргээс нь цухас дурьдахад тэрбээр 2005-2010 оны хооронд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа "… нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах, ор хоногийн төлөвлөгөөгөө биелүүлж даатгалаас мөнгө авах…” гэх мэт зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлээгүй болон байнга хэвтэн эмчлүүлдэг хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан өөрийн удирдлага дор ажилладаг эмч нараар 73 тооны хуурамч өвчний түүх бичүүлэн, уг өвчний түүхийг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар байнга ашиглан, Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж улмаар нийгмийн даатгалын сангаас үргэлжилсэн үйлдлээр 4.359.300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон хэмээн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэн тухайн үеийн Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхэд илгээсэн байдаг. Шүүхээс Б.Тунгалагийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай хэмээсэн мөртлөө түүнд холбогдох хэргийг дараах зүйл ангиар хэрэгсэхгүй болгож байсан юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Сандагжавын Тунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай хэмээх шийдвэрийг гаргаж байсан юм. Ямартай ч С.Тунгалагийг шүүгдэгдэж байх үед гэрчүүд маш ноцтой гэмээр зүйлийг шүүх хуралдаан дээр өгүүлж байсан ч энэ хэргийг хэрэг биш болгож байсан юм.

Хохирогч 73 өвчтөний түүхийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ

Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Ц.Ганчимэг мөрдөн байцаалтад дараах мэдүүлгийг өгч байсан. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг 73 өвчний түүхийг хуурамчаар үйлдүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Мөн эдгээр хуурамч өвчний түүхээр хүмүүсийг хэвтэн эмчлүүлсэн гэж нийгмийн даатгалын газраас эмчилгээний зардал нэхэмжилж, нийгмийн даатгалын газраас Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дансанд мөнгө шилжсэн нь тогтоогдсон байна. Хуурамч өвчний түүхээр 4.359.300 төгрөгийг даатгалын сангаас гаргуулсан байх тул энэ мөнгийг нэхэмжилнэ. 73 өвчний түүхийг үзэхэд өвчний түүхэнд хавсаргагдах ёстой хэвтэх бичиггүй, шинжилгээ хийгдээгүй өвчний түүхийн стандартын шаардлага хангаагүй, мөн эмчилгээний хуудсан дээрх эмчилгээ гардан хийсэн сувилагчийн гарын үсэг тэмдэглэл нь өдөр бүр нэг хүний гарын үсгээр зурагдсан байсан. Энэ бүгдээс харахад эдгээр 73 өвчний түүхийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй байна. Хуурамч өвчний түүхийг бичиж байгаа нь Нийгмийн даатгалын газраас эмчилгээний зардал нэхэмжлэх зорилготой хийж байгаа үйлдэл юм.
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт тухайн дүүргийн өрхийн буюу амбулаторийн эмч нь зохих шинжилгээ бүхий хэвтэх бичгийг бичиж өгдөг. Энэ бичгээр өвчтөн дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ ирж өвчний түүх нээлгэн хэвтэх ёстой. /Хүнд болон яаралтай тусламжаар ирсэн өвчтөнл шинжилгээ болон хэвтэх бичиг шаардлагагүй / өвчний түүхийг тухайн өвчтнийг үзсэн эмч анхлан нээж эмчилгээгээ бичдэг. 2006 оны Эрүүл мэндийн сайдын 229 тоот тушаалаар өдрийн эмчилгээ хийх журам батлагдсан, үүний дагуу өдрийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст өвчний түүхийг нээдэг болсон. Мөн өдрийн эмчилгээний өвчний түүхийн нүүрэн хэсэгт өдрийн эмчилгээ гэсэн бичиг бичигдсэн байх ёстой. Хуурамч өвчний түүх гэдгийг мэдэх бололцоотой. Өвчний түүхийн дагуу мөнгө шилжүүлэхэд эхлээд тухайн эрүүл мэндийн байгууллагаас Нийгмийн даатгалын газар руу хэвтэж эмчлүүлсэн өвчтөний нэрс бүхий жагсаалт цаасаар болон цахим хэлбэрээр өвчний түүхийн хамт ирүүлдэг, үүнийг Эрүүл мэндийн даатгалын газрын санхүү бүртгэлийн хэлтэс болон тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн мэргэжилтнүүд хянаад /одоо таван дамжлагаар хянагдаад мөнгө шилждэг/үүний дагуу мөнгө тухайн газарт шилждэг юм. Шилжүүлж байгаа мөнгө нь тухайн даатгуулагчийн эмчилгээний зардалд зарцуулдаг юм” хэмээсэн. Уг нь, Монгол Улсын төрийн байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцож буй төрийн байгууллагын гэрчийн мэдүүлэг энэ. Гэтэл улсыг залилсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоор байхад С.Тунгалаг уснаас хуурай гарч гэм зэмгүй нэгэн болж хувирсан билээ.

Яагаад заавал
С.Тунгалаг гэж

Энэ бүхнийг тоочиж байгаагийн учир гэвэл өнөөдөр С.Тунгалагийн хашиж буй албан тушаал нь бас л мөнгөтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тэрбээр шагнал хариуцсан мэргэжилтэн. Өнөө цагт ажил хийж гавьяа байгуулсан хүн нь төрийн одон медаль болон шагнал авахад их бэрх цаг болсон.
Өөрөөр хэлбэл, том, том шагналыг мөнгөтэй эрхмүүд өвөр хоорондоо наймаалцаж байгаад насаараа улсад ажиллаад шагнал авч чадаагүй хүмүүсийн шагналыг танил талаараа дамжуулан төвөггүйхэн авдаг болсон гэсэн үг. Тиймээс л хатагтай С.Тунгалаг эл албан тушаалыг хаших болсон нь хачирхалтай. Яг үнэндээ тэрбээр эмнэлгийн дарга байхдаа иргэдийг эмнэлэгт хэвтээгүй байхад хуурамч өвчтөний түүх зохион Эрүүл мэндийн даатгалын сангаас хувьдаа мөнгө завшдаг байсан гэсэн хар бараан намтар түүнийг мөнхөд дагаж явсаар байхад яагаад түүнийг заавал дахин төрийн албанд ажилуулж бас болоогүй ээ ар өврийн хаалга хэрэглэн байж ордог шагнал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал дээр томилох болов оо.
Уг нь өдгөө төрийн албаны шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдээд одоог хүртэл ажилгүй байгаа олон мянган залуу бий. Гэтэл яагаад төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан ашигласан хэрэгт холбогдож байсан С.Тунгалаг гэж.
Аль эсвэл түүнийг уг албан тушаалд дахин хэн нэгнийг будлиантуулж мөнгө ав хэмээн уг албан тушаалыг өгөх болов уу. Хэдийгээр тухайн үед С.Тунгалагт холбогдох гэмт хэрэг шүүхээс хэрэгсэхгүй болж байсан ч мөрдөн байцаагчид, улсын яллагч нар С.Тунгалагийг гэмт хэрэгтэн хэмээн үзэж байсан удаатай. Ийм л хар мөртөй, хар сүүдэртэй нэгэн хатагтай шагнал хариуцсан мэргэжилтнээр дахин төрийн албанд шургалсан нь хэн гэгч том гартай эрхмийн гавьяа юм бол. Яагаад заавал С.Тунгалаг гэж… Ямартай ч бид дараагийн дугаарт эл хатагтайтай холбоотой бас нэгэн мэдээллийг сайтар нягтласны үндсэн дээр эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж:

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen