Улсын харцага Г.Ганхуягийн аав Р.Ганбаатар: Наадамчин олны хүүгээр минь бахархсан уухайн түрлэг аав хүний сонсож болох хамгийн сайхан аялгуу байна лээ

Улсын харцага Г.Ганхуягийн аав Р.Ганбаатар: Наадамчин олны хүүгээр минь бахархсан уухайн түрлэг аав хүний сонсож болох хамгийн сайхан аялгуу байна лээ

 

Хүүгийнхээ цамцыг өвөртөлж, өөрийнхөө дээлийн хормойг үрчийтэл базаж, Төв цэнгэлдэхийн зүүн хойморт өндөлзөж суусан улсын харцага Г.Ганхуягийн аав Р.Ганбаатартай ярилцлаа. Гэргийтэйгээ үзсэн түүний анхны наадам сэтгэлд нь тод дурсамж, бахдал дүүрэн өндөрлөлөө. “Нэг л өглөө сэрэхэд улсын харцагын аав, ээж болчихдог юм байна даа. Тавын давааны дараа хүүгээ харсан чинь том болчихсон юм шиг санагдаад байсан. Нэг үнсэж аваад, үг хэлэх гэсэн хоолой зангираад, нулимс унах гээд хэцүү юм байна лээ. Цэнгэлдэх дүүрэн хүн миний хүүгийн барилдааныг харж, огшиж, омогшиж, бахархаж байгааг нь харах жаргал юм билээ” гэж ярих түүний яриаг хүлээн авч уншина уу.

            -Та гурав нутагтаа оччихсон уу. Минжит булганчууд “Олон жилийн дараа улсын цолтой бөхтэй боллоо” гээд хүүгээр тань их бахархаж байгаа даа?

        -Нутаг руугаа явж амжаагүй байна аа, бид. Хүү минь чөлөөт бөхийн дэлхийн аваргын сорилго барилдаантай учраас бэлтгэлдээ орчихсон. Аав, хүү хоёр ярилцаад булганчуудыг зуслангаасаа буугаад намар цуглахад нь цолны мялаалга наадмаа хийхээр боллоо. Манай булганчууд чинь зундаа уул руугаа нутаглаад, тал тал тийшээ тараад явчихдаг юм. Тэгээд сумын наадмаа намар хийдэг шүү дээ. Нутгийн зон олон минь бидэнтэй адилхан “Харцага цолтой хүүтэй боллоо” гээд хачин баяртай байгаа. Таних, танихгүй олон хүн залгаж, баяр хүргэж байгаа. Түмэн олны хайр, хүндэтгэл, бахархал дунд л хэд хоног амьдарлаа. Одоо л нэг уужраад, урд хойдохоо бодохтойгоогоо болж байна. Яасан сайхан юм бэ, төрийн наадамд хүү минь зодоглоод, улсын цолтон болох чинь. Аав хүний хувьд мэдэрч болох хамгийн сайхан зүйл л энэ байдаг юм байна даа. Бид хоёр, гурав хоногийн дараа нутаг явна, хүү минь бэлтгэлээ хийгээд үлдэнэ. Нутаг руугаа л их яарч байна даа.

          -Төв цэнгэлдэхэд гэргийтэйгээ анх удаа наадам үзсэн жил хүү нь улсын харцага боллоо шүү дээ?

       -Тэглээ, сонин л байдаг юм байна. Хэд хоног бид хоёр шокын байдалтай байлаа. Хөөрцөглөөд ч юм уу өдөр, хоног харвасан сум шиг, эргэцүүлж бодох сөхөөгүй л өнгөрчих юм. Угтаа бид хоёр өдийд өндөр уулсынхаа бэл рүү зусландаа гарчихсан байх ёстой. Гэтэл энэ жил яагаад ч юм хэдэн зээгээ хараад, Улаанбаатар руу ирмээр санагдаад байсан. Наадмаас гуравхан хоногийн өмнө хоёр зээ охиноо аав, ээжид нь хүргэхээр ирсэн юм. Тэгээд санаандгүй үзсэн улсын наадмаар хүү минь улсын харцага болчихлоо. Бид үнэндээ ийм сайхан зүйл болно гэж бодсонгүй. Ёстой л зүүдэлж ч үзсэнгүй. Харин хүүгээ бол хэзээ нэгэн цагт улсын цолтон, дэлхийн аварга, олимпын медалтан болно гэдэгт итгэдэг байлаа. Миний хүү аав, ээжийнхээ итгэлийг алдсангүй. Алдаж ч үзээгүй хүү дээ. Гэхдээ хүүгийн минь бэлтгэл сургуулилалт сайн байсан учраас улсын начин цолонд хүрэх болов уу гэж битүүхэн горьдож, бодож байсан. Би олон жилийн өмнө улсын наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж байлаа. Энэ жил гэргийтэйгээ үзлээ. Сайхан байна аа, сайхан байна. Хэлэх үг минь, үйлдэл минь баясгалантай, баяртай байгааг та бүхэн анзаарч байгаа биз ээ. Үүнээс илүү жаргалтай өдрүүд байгаагүй юм шиг л санагдаж, хөөрч байна даа. Гэргий минь анх удаа улсын наадам үзлээ. Хэзээ ч мартагдахааргүй наадам боллоо.

          -Та хоёр тавын давааны дараа Төв цэнгэлдэх рүү орж ирсэн үү. Хүү тань аав, ээж хоёр руугаа гүйж байгааг харсан юм?

-Тэгсэн, хүү бид хоёрыг “Гэртээ байж байгаарай. Болбол би өөрөө ирж авна” гээд наадмын хоёр дахь өдрийн өглөө гэрээсээ гарсан юм. Өөрт нь нэг бодол байсан юм болов уу даа. Тэгээд улсын начин цолны болзол хангахад нь бид хоёр зурагтаар үзээд сууж байсан. Гэргий минь бараг үзэж чадаагүй дээ, гараад явчихна лээ. Ер нь хүүгийнхээ барилдааныг тогтож харж чаддаггүй хүндээ. Тэгээд л тавын давааны дараа ум хумгүй дээлээ өмсөж аваад Төв цэнгэлдэх рүү давхичихсан. Нулимс урсаад байдаг хог байна лээ. Хүү машин явуулаад бид хоёрыг авахуулсан юм. Бид хоёр есдүгээр номерын хаалгаар ороод сандал руу дөхөж явтал хүү минь хүрээд ирсэн. Нэг үнсэж аваад, хоолой зангираад юм хэлж чадаагүй. Тэгээд хүүгийнхээ цамцыг өвөртлөөд суудалд суусан даа. Хүү минь их том болчихсон ч юм шиг санагдаад байсан шүү.

         -Харцага цолны барилдааныг хэрхэн үзэв, та хоёр?

-Ярих ч юм биш ээ, өвөрт байсан хүүгийнхээ цамцыг базаад, өөрийнхөө дээлийн хормойг үрчийтэл нь мушгичихсан байна лээ. Булан руу шигдээд, бүтэн ч харж чадахгүй байсан. Тогтож сууж чадахгүй өндөлзөөд байдаг юм байна лээ. Эхнэр маань бүүр ч хараагүй байх. Зүүн талд байсан учраас хүүгийнхээ барилдаж байгаа баруун жигүүр рүү нь л хараад байлаа. Гэнэт л наадамчин олон шуугиад явчихсан. Төд удалгүй “Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Ганбаатарын Ганхуяг улсын арслан Орхонбаяраар зургаа давж, харцага цолны болзол хангалаа” гээд зарлахад хүү минь туг тойроод дэвж явсан. Ингэж л бид харцагын аав, ээж боллоо доо. Итгэж чадахгүй байсан шүү. Ер нь юу ч хийхээ мэдэхгүй, сэтгэл их сайхан байсан. Нутгийн зон олондоо, Монголын ард түмэнд, миний хүүг дэмжиж өдий зэрэгт хүргэсэн хүмүүст их баярлаж, хүүгээрээ их бахархлаа. Хүү минь аймгийн арслангаас харцага боллоо шүү гэж бодохоор л эрхгүй баяр төрөөд, сэтгэл гэгэлзээд байдаг юм байна лээ. Наадамчин олны хүүгээр минь бахархсан уухайн түрлэг аав хүний сонсож болох хамгийн сайхан аялгуу байна лээ.

           -Улсын арслан Б.Орхонбаяртай барилдахад нь өндөлзөж байв уу?

-Гэргий минь хүүгээ гэрээс гарахад нь “За, миний хүүг Орхонбаяр арслан амалдаг юм уу, яадаг юм” гэж асуусан. Хүү “Ээж, би тэгээд өөрийнхөө хичээж барилдана шүү дээ” гээд их тайван, өөртэй итгэлтэй хариулж байгаа сонсогдсон. Орхонбаяр арслантай таарна гэдгээ мэдчихсэн, барилдааны сэтгэл зүйгээ бэлдчихсэн байсан юм болов уу даа. Эд яваа залуу арслангаар давж, харцага цолонд хүрсэнд бахдалтай байна. Барилдааныг нь байн байн ухрааж үзсэн, миний хүү их зоригтой, дайчин барилдсан байна лээ. Ер нь өөрийнх нь онцлог тэр шүү дээ. Юунд ч бууж өгдөггүй, үргэлж урагшаа тэмүүлж, асаж явдаг хүн. Залуу хүнд тэр хэрний цог золбоо, хийморь байлгүй яах вэ. Манай Ховдын бөхчүүд энэ жил бэлтгэл сургуулилалтаа их сайхан чамбай хийсэн нь харагдсан шүү. Өөрсдөө үнэнч, хариуцлагатай байвал цээжинд барилдах бөх олон бий дээ.

           -Долоогийн даваанд О.Хангай аваргад өвдөг шороодсон. Харцага цол хүртчихээд хүү нь юу гэж байна вэ?

-“Хүүдээ итгээрэй. Хүү нь үүнээс ч илүү сайн барилдаж, амжилтаа ахиулах болно оо” л гэж байна лээ. Үүнээс ч илүү миний хүү юу хэлэх вэ дээ. Аав, ээж хоёрынх нь хувьд түүнээс илүү сонсох жаргал ч гэж байхгүй. Бэлтгэл сургуулилалтаа чамбай хийгээд, амжилтаа ахиулж, санасан зорьсондоо хүрч байвал бидний хувьд бүх хүсэл минь биелэж байна гэсэн үг. Чиг дагуу, олондоо нэртэй, түмтэй, сайн сайхан, эрүүл энх л байх хэрэгтэй. Хүүгээс минь бэртгэл, гэмтэл хол байж олон сайхан наадам үзүүлээсэй л гэж хүсэж байна. Миний хүү чадах байх аа. Хүүгээ бөхийн спортдоо үнэнч байгаасай л гэж бодож сууна даа.

          -Г.Ганхуяг харцага бөхийн спорттой хэрхэн холбогдож байсан юм бэ. Энэ талаар яриад өгөхгүй юу?

-Манайх эгэл жирийн малчин айл. Бусдын адил л адуу малтай ноцолдож, мал дагасаар миний хүүгийн хүүхэд нас өнгөрсөн. Манайх чинь дөрвөн хүүхэдтэй, Ганхуяг отгон нь байгаа юм. Бага ангиасаа л бөхийн спортод хөл тавьж, хичээллэж эхэлсэн. Хүү минь 2014 оноос чөлөөт бөхийн шигшээд багтаж, бэлтэл сургуулилалтаа хийж байгаа. Багийн л хөдөлгөөнтэй, хөдөлмөрч хүү байлаа. Миний хүүг улсын цолтой бөх болоход олон хүн тусалж, дэмжсэн. Төдийгөөс өдий хүртэл олон багшийн дэвжээн дээр бэлтгэл хийж, их зүйлийг сурч авсан байх миний хүү. Тэр дундаа хүүг минь жаахан байхаас нь эхлээд дэмжиж, тусалж, өнөөдөрт хүргэсэн “Булган-Өгөөж” ХХК-ийн захирал Мөнхтөр дүүдээ баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн багш нарт нь баярлаж байна.

            -Хүү тань хоёр жил төрийн наадамд зодоглож байгаа юм билээ. Ер нь хүлээлттэй байсан наадам хэзээнийх байсан бэ?  

-Хүүгээ ямар ч тэмцээн уралдаанд оролцсон үргэлж итгэж, хүлээж суудаг. Миний хүү чинь 1996 онд төрсөн шүү дээ. Жаахан байхдаа сумын заан цолны болзол хангасан. Булган сумынхаа наадамд сайхан түрүүлж аав, ээжийгээ нэг баярлуулж байлаа. Дараа нь 2021 онд Ховдын наадамд түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан. Хоёр ч удаа сумын заан цолтой 512 бөхийн барилдаанд гарамгай, эрэмгий сайхан барилдаж түрүүлж байлаа. Тэр үед бахдам сайхан санагдаж байсан шүү. Үндэсний бөх учраас тэгж санагдсан байж магадгүй. Харин чөлөөт бөхийн төрөлдөө улсын аварга болж, олон улсын тэмцээнд явахыг нь харах сайхан байдаг. Хүү минь хамгийн анх олон улсын тэмцээнээс хүрэл медалтай ирж билээ. Тэр их сайхан санагдаж байсан шүү.

           -Бөхийн удамтай юм байна лээ. Улсын харцага Н.Батзаяа эхнэрийн тань хамаатан гэсэн үү?

-Тийм ээ, аавынх талд ч, ээжийнх нь талд ч бөхийн удам бий. Улсын харцага Н.Батзаяагийн аав миний эхнэрийн төрсөн ах байгаа юм. Үеэлүүд гэсэн үг шүү дээ. Миний ээжийн талд бөхийн удам бий, бий.

             -Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойг ч мартахаагүй боллоо. Дараа жилийн наадмыг та хоёр баараггүй ирж үзэх нь ээ?

-Миний хүүгийн нас залуу байна даа. Олон наадамд аав, ээж, ах, дүү, нутаг усныхныгаа баяруулах байх. Ирээдүй бий шүү дээ. Даруухан, даруулгатай байж, бэлтгэлээ сайн хийх байх. Ирэх есдүгээр сард чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хүүгээ энэ ДАШТ-ээр харж л сууна. Хүүгээ өөртөө үнэнч, бусадтай эвтэй, хүнлэг, хүмүүжилтэй хүн байхыг л захиж хэлмээр байна. Нутгийн минь уулс хүүг минь дандаа ивээж явах болтугай.

Р.Ганбаатар ах гэргийгээ дагуулаад тун удахгүй нутаг буцна. Тэр нутгийнхаа хөх өвгөдтэй, өндөр хархираа уулсынхаа дунд хүүгийнхээ тухай яриад, бахдал дүүрэн суух өдрөө тэсэн ядан хүлээж байна лээ. Ховдын цэнхэр хязгаарт нар мандаж, хичээнгүй хөвгүүдийнх нь амжилтын цуваа үеийн үед үргэлжилж, нутгийн олны сэтгэл тэнүүн байхыг ерөөе өө.

 

https://ergelt.mn/news/21/single/34993

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen