Тэд бидний тухай: Монголоос үүдэлтэй шороон шуурга Бээжингийн агаарыг бохирдуулж байна
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Цаг уурын үндэсний төвөөс Монголоос үүдэлтэй шороон шуурганд Хятадын хойд нутгийн арав гаруй мужийн бүс нутаг өртөх төлөвтэй байгааг анхааруулжээ.
Даваа гарагийн 20.00 цагийн байдлаар, Бээжин хотын агаарын бохирдлын индекс 272 болсон нь бохирдлын түвшин маш өндөр байгаа бөгөөд агаар дахь үндсэн бохирдуулагч нь РМ10 байгаа аж. Шиньжяны өмнөд болон зүүн хэсэг, Чинхай мужийн Кайдам сав газар, Ганьсугийн баруун ба хойд хэсэг, Ниншя, Шэньсигийн төв ба хойд хэсэг, Өвөрмонгол, Шаньси, Хэбэй, Шаньдун зэрэг нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн элс, шороо шуурах төлөвтэй байгаа аж.
Монгол дахь нам даралтын системүүдийн улмаас Монгол Улс болон Хойд Хятадын ӨМӨЗО-ны төв хэсэгт их хэмжээний тоосжилт орж ирснээр Хятадын баруун хойд хэсэгт PM10-ын агууламж мэдэгдэхүйц нэмэгдэж, зарим хотод бохирдлын хэмжээ ноцтой түвшинд хүрчээ. Энэ хаврын улиралд Монголын өмнөд хэсгээс Өвөр монголын төв болон баруун хэсэг хүртэлх элсэрхэг бүс нутагт орох хур тунадасны хэмжээ дунджаас бага байх төлөвтэй байгаа бөгөөд агаарын температур өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад өндөр, Монголын циклоны үе шат өмнөд зүг рүү чиглэсэн нөлөөлөл ихсэх төлөвтэй байгаа ажээ.
Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр цаг агаар дулаарч, хур тунадас ихсэх тусам тоосжилт аажмаар буурах төлөвтэй байна гэж цаг уурчид таамаглаж байна. БНХАУ-ын Онцгой байдлын яам болон бусад байгууллагын мэдээлснээр энэ жилийн эхний улиралд зургаан удаа шороон шуурга шуурсны дөрөв нь гуравдугаар сард болсон байна. Энэ гуравдугаар сард Хятадын хойд хэсэгт өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү их шуургад нэрвэгдсэн нь хүйтний эрч чанга, салхи, агаарын температур нэмэгдсэн, хур тунадас багатайгаас үүдэн Монголын өмнөд хэсэг болон Хятадын хойд хэсэгт ургамал бүрхэвч муудсан зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр болсон гэж цаг уурын мэргэжилтнүүд үзэж байна. Монголын өмнөд хэсэгт орших говь нь Хятадад нөлөөлж буй элс, тоосны эх үүсвэр гэдгийг судлаачид онцолж байна.