Трамп цагаачлалын хоригоо улам чангатгав

Трамп цагаачлалын хоригоо улам чангатгав

 

Ерөнхийлөгч Трамп цагаачлалыг хориглох шинэ шийдвэрт  гарын үсгээ зурлаа. Энэ талаар "ВВС” агентлаг болон "www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр цагаачлалыг хориглосон шинэ шийдвэрт гарын үсэг зурсан байна. Шинэ хоригийн хүрээнд исламын шашинтай зургаан орны иргэдэд шинээр виз олгохоос татгалзаж мөн АНУ-ын өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж буй дүрвэгсдийн бодлогыг зогсоох зорилготой байгаа талаар Трамп өгүүлэв.

 

Цагаачлалын эсрэг шинэчилсэн хоригийн хүрээнд исламын шашинтай Иран, Сири, Сомали, Судан, Йемен болон Ливи зэрэг улсын иргэдэд виз олгохгүй юм. Трампийн өмнөх хоригт багтаад байсан Ирак улсыг дээрх жагсаалтаас хассан байна. Тэрбээр ямар шалтгаанаар Иракийг хоригоосоо хассан талаар тайлбар хийхээс татгалзжээ.

 

Шинэчилсэн хоригийг энэ сарын 16-наас эхлэн орон даяар даган мөрдөх бөгөөд 90 хоногийн хугацаанд хоригт багтсан зургаан орны иргэдэд АНУ виз олгохгүй гэнэ. Мөн Трампийн шинэ шийдвэрийн дагуу АНУ, Дүрвэгсэд хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаанд зогсоож, уг хөтөлбөрийг дахин нягтлах ажлын хэсгийг байгуулахаар болжээ.

 

"Обама дүрвэгсдийг хүлээн авснаар АНУ-ыг аюулд оруулсан” хэмээн Трамп мэдэгдэв.

 

Трампийн цагаачлалын шинэ хоригт визний зөвшөөрөлтэй, ногоон карттай, давхар иргэншилтэй иргэдэд хамааралгүй талаар АНУ-ын Цагаачлалын бодлого хариуцсан агентлагаас мэдээллээ. "АНУ-ын Үндэсний аюулгүй байдал, гарч болох эрсдлүүдээс сэргийлэн дээрх шинэ хоригуудыг хэрэгжүүлэхээр боллоо” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон "Ерөнхийлөгч Дональд Трампийн санаачлан хэрэгжүүлж буй дээрх бүх шийдвэр гадны террористууд манай улсад нэвтрэхээс сэргийлж буй билээ. Террористуудаас бид эх орноо хамгаалсанаар аюулгүй байдлаа улам чангаруулах давуу талтай. Ирээдүй үе минь илүү итгэлтэйгээр амьдрах болно. АНУ-ын холбоотон болон түнш улсуудад хандан хэлэхэд дээрх шийдвэр нь исламын террористуудаас эх орноо хамгаалах гэсэн Ерөнхийлөгчийн шийдвэр” гэж мэдэгджээ.

 

Цагаачлалын эсрэг хэрэгжүүлж буй дээрх шийдвэрээс болж тус улсад ирэх жуулчдын тоо багасах магадлалтай байгаа талаар Аялал жуучлалын яамнаас мэдээлэв. Мөн Ерөнхийлөгчийн шийдвэр шашин хоорондын мөргөлдөөнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг улстөр судлаачид онцлон тэмдэглэж байна.  АНУ-ын аялал жуучлалын гол бүс гэгддэг Нью Йорк хот жилдээ 15.4 сая жуулчин хүлээн авдаг байна. Харин энэхүү тоо Ерөнхийлөгчийн шийдвэрээс болж хоёр хувиар буурч магадгүй гэв. Сүүлийн найман жил өсч буй жуулчдын тоо багасах төлөвтэй байна. Өнгөрсөн онд жуулчид АНУ-д аялахын тулд 250 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Харин  Трампийн шийдвэрийн дүнгээр АНУ хамгийн багадаа 4.3 сая жуулчнаа алдах магадлалтай байна.

 

"4.3 сая жуулчин АНУ-д ирэхгүй бол 7.4 тэрбум ам.долларыг алдана” хэмээн Пенсильвани мужийн "Tourism Economics” компанийн удирдлагын төвөөс мэдээлэв. "Трамп олны эсэргүүцлийг үл тоон гаргасан шийдвэрээ улам чангаруулж байна” хэмээн "CNN” агентлаг жиргэжээ.

 

Трамп Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа нэр бүхий долоон орны иргэдэд виз олгохгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийг Дээд шүүхээс эсэргүүцсэн юм. Гацаад буй уг шийдвэрээ хөдлөх хүртэл Трамп эцсийн хүчээ шавхахаа мэдэгдсэн. Тэрбээр "АНУ-д террорист халдага гарвал намайг бус шүүгчдийг буруутгаарай” хэмээн ард түмэндээ сануулаад буй юм.

 

 

                                                                                                                                  Б.Дэлгэрцэцэг 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen