Хана хэрмэн хамгаалалттай болж буй Төрийн ордон хашаа ч үгүй байлаа
Төрийн ордны зураг төслийг анх оросоос бэлэн авчирч инженер Б.Мотоо, уран барималч С.Чоймбол нар Монголдоо тохируулан өөрчилсөн байдаг. Оросууд ч ордныг хашаа хайстай зураагүй, манайхан ч тэр хэвээр нь үлдээсэн. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын жагсаал цуглаанаас үүдэн 2004 онд Төрийн ордныг хашаалсан бөгөөд ордны хойд цэцэрлэгт хүрээлэн ч хаалттай болсон. Ингээд 2013 онд Норовын Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгосон боловч тус оны есдүгээр сарын 16-нд "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц. Мөнхбаяр галт зэвсэгтэй цэцэрлэгт хүрээлэнд орж ирснээр дахин хаагдсан билээ.
Харин 2018 оны зургадугаар сарын 1-нээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачлагаар цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд 06-21 цагийн хооронд нээлттэй байхаар журам гаргасан боловч хэсэг хугацааны дараа тодорхойгүй шалтгаанаар хаагдсанаар өдийг хүрсэн.
Гэтэл энэ жил саарал ордныхон маань хашаагаа өндөрлөж, илүү зузаан болгохоор засварын ажилдаа орсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
...Идэж уусан нь баригдаад ард түмнээсээ айсандаа ингэж байна... гэх олны хэл ам ч оргүй биш биз. Ямартаа ч хэмнэлтийн бодлого барьж байгаа гэх мөртөө явган хүний зам ч үлдээлгүй өөрсдийнхөө суудаг хашааг тордох тийм ч таатай шийдвэр биш байлаа. Ард түмэн ч итгэхээ байж, ард түмэндээ ч итгэхээргүй юм хийсний шинж л дээ.