Хятадын маршаль Линь Бяогийн хөлөглөж яваад Монголд сүйрсэн Trident I-E англи онгоц

БНМАУ-ын хилийн 20 дугаар отрядын 2 дугаар заставын цагийн манаач байлдагч Усенбай, холбоочин дэслэгч Мандал нар 1971 оны 9 дүгээр сарын 13-ны 01 цаг 53-55 минутын үед улсын хилийн 414 дүгээр баганын чиглэлээр БНХАУ-ын нутгийн зүгээс их дуутай, гэрэлгүй онгоц нисэж манай улсын нутгийн гүн рүү Сүхбаатар аймгийн Наран сумын чигт өнгөрснийг илрүүлэн мэдээлжээ.
Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Д.Гунгаа, Х. Дамдинжав, Мөнххаан сумын Б.Пагма, Уул-баян сумын Ц. Жамбал нар Бүрэнцогтын уурхайн зүгт 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө дундын үед асар их чимээтэй онгоц гэрэлгүйгээр өнгөрсөн гэжээ.
Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн манаач Д.Дулжидмаа, Н. Сосор, Н.Лувсанбал нар 9 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг өнгөрч байх үед зүүн хойноос баруун урагш маш хурдтай онгоц өнгөрч удалгүй хүчтэй чимээ сонсогдон гал гарсан гэжээ. 8 эрэгтэй, 1 эмэгтэй тэртээд амь эрсэджээ. Чухам юуны учир энэ 9 хүн эх орноосоо зугатан гарч, бодож төлөвлөснөө хэрэгжүүлж чадалгүй амиа золиослох болсон нь нэн сонин юм. Энэ онгоцыг иргэний агаарын тээвэрт зориулалттай байсныг зорчигчдын суудлын ихэнхийг авч цэргийн тусгай хэрэгцээнд зориулан өөрчилж зарим хэрэгслээр нэмэн тоноглосон. Ерийн онгоцонд байдаг нэвтрүүлэгч ба хүлээн авагч янз бүрийн радио станц, бусад аппарат хэрэгслээс гадна түүнийг ЗХУ-д үйлдвэрлэсэн нам өндрийг хэмжигч радио өндөр хэмжигч “РВ-УМ” маркийн багаж болон “ЭКО” маркийн радиолокатораар нэмж тоногложээ. Ялангуяа уул онгоцонд Зөвлөлтийн хийцтэй нам өндөр хэмжигч багаж тавьсан нь түүнийг нам, хэт нам өндрийн нислэгт зориуд бэлтгэж байжээ гэж монгол, оросын шинжээчид нотолсон байдаг. 256 номерын “Трайдент 1-Е” маркийн онгоц нь нисэгчийн онгоц жолоодлогийн алдаанаас болж сүйрсэн гэж доорхи баримтуудаар нотолдог.
Онгоц чиг шулуун нислэгийнхээ үед ойролцогоор цагт 550-600 км хурдтайгаар дугуй, урд хойт далавч, щитки, суултын гэрлийг буулгалгүйгээр газарт хүргэсэн байна.
Онгоц сүйрэх үед түүний бие ангиас тасарч хаягдсан хэлтэрхийнүүд нь 600х100м талбайг эзэлж байгаа нь тэр онгоц дээрх хурдтайгаар газардсан гэдгийг нотолж байна.
Онгоц дэлбэрсэн, түүнээс гарсан түймэр их талбайг хамаарч удаан хугацаанд үргэлжилсэн нь онгоц сүйрэх үед шатахуун нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжтой хэмжээтэй байсныг нотолж байна.
Онгоц сүйрэх үед түүний хөдөлгүүрүүд нь бүрэн ажилтай, гэмтэлгүй байсан /хөдөлгүүр шатсан буюу эвдэрсэн ул мөр үгүй/
Эдгээр нотолгоонуудаас энэ онгоц ямар нэг аргагүйдсэн шалтгаанаас газарт буусан гэж үзэх үндэсгүй, Линь Бяо буюу түүний багийнхан амиа хорлоогүй нь энэ дүгнэлтээр нотлогдоно.
Ослын таамаглал
No photo description available.
КГБ-Улсын аюулаас хамгаалах хорооны Мэдээлэл шинжилгээний газрын дарга асан дэслэгч генерал н.Леонов “Известия” сонинд 1995 онд өгсөн нэгэн ярилцлагдаа: “Хамгийн том оньсого бол цэргийн сайд Линь Бяогийн үхэл юм. Түүний сууж явсан онгоц Бээжингээс хөөрч Монгол улсын нутагт унаж осолдсон. ...Бас нэг таамаглал бол сайдыг ЗХУ руу нисч байхыг мэдсэн түүний бие хамгаалагч онгоцон дотор “гал нээсэн” байж болох юм. Гэвч Маогийн үе залгамжлагч байж болохуйц хүний энэ аялалын гол зорилго ийнхүү хэнд ч мэдэгдэлгүй өнгөрсөн юм” гэжээ. Гэтэл өөр нэг баримтад өгүүлэхдээ: “Хятадын коммунист намын Төв Хороны орлогч дарга, Батлан хамгаалах яамны сайд асан Линь Бяо, түүний гэргий Е Цюнь нар уг онгоцонд сууж яваад амь үрэгдсэнийг тэдний цогцост хийсэн шинжилгээгээр нотолсон байдаг. Тэр бүү хэл маршал Линь Бяогийн толгойн яс одоо ч Москвад “КГБ”-ын байранд хадгалагдаж байгаа гэдэг. Энэ тухай Улсын аюулаас хамгаалах хорооны генерал, цэргийн нэрт эмгэг судлаач В.Томилин, мөрдөн байцаагч генерал А.Загвоздин нар баталдаг байна. Тэд онгоц сүйрсэний дараа хоёр ч удаа тэр газар очсон, оршуулсаны дараа задлан шинжилгээ хийсэн биет төлөөлөгчид ажээ. Бүр Линь Бяогийн толгойг салгаж авсан хүн бол бэлтгэл генерал В.Томилон Маршал Линь Бяо, Мао Зэдуны эсрэг хуйвалдаан зохиож тэр нь бүтэлгүй болсон учир ЗХУ-д зугатан очихоор тийнхүү нисч явсныг Зөвлөлтийнхэн хүлээж авбал Зөвлөлт Хятадын харилцаанд нэн их уршиг тарьж болох байсан учир түүний сууж явсан онгоцыг Монголын нутагт буудан унагаж, өөрсдөө нэр цэвэр гарснаар барахгүй, бас хятадын удирдагчдыг ч түвэг бэрхшээлтэй хэрэг явдал, хэл амнаас аварсан гэж өрнөдөд бичсэн гэдэг. Энэ бол Трайдентын сүйрлийг тайлбарласан нэг шалтгаан.
Нөгөө талаас зөвлөлтийнхөн болон монголын талынхан сүйрлийг нотлохдоо онгоц гагцхүү нисэгчийн алдаанаас болж унасан, өөр хөндлөнгийн юу ч нөлөөлөөгүй гэдэг. Хятадлын албаны хүмүүс хожим монголчуудад болон бусад орны хүмүүст хэлэхдээ онгоцыг Монголд буудаж унагасан гэж байсан тэмдэглэл ч бий . Трайдент I-E онгоцыг ЗХУ-ын хилийг зөрчүүлэлгүйгээр Чита мужийн Өвөр байгалийн цэргийн тойргоос онгоцыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдийг аваад буцаж эргэж Урьд зүг рүү нисч явахдаа Өндөрхааны орчим Суваргын хөндийд осолдсон тухай ЗХУ-ын Гадаад яамны орлогч сайд Михайл Капица МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Д.Моломжамцын гэргийтэй Москвагаас хамт нисч явахдаа ярьсан байдаг.
Өөр нэг таамаглал нь Маршал Линь Бяо ямар ч найдваргүй үед амиа золиослох төлөвлөгөө байсан байж болох талтай. Эх орноосоо зугатагсад нь эргэж харих нүүргүй учир нисэгчийг буудаж, онгоцыг удирдлагагүй болгон өөрсдөө унагасан байж болохыг хэргийн газраас олдсон хүйтэн зэвсэг, хоолойдоо гацсан сумтай буу зэргээс харж болно.
Юутай ч ХХ зууны тайлагдашгүй оньсого мэт олон дуулиант хэргүүдийн нэг болох Трайдент I-E онгоцны сүйрэлд өртсөн Хятадын маршал Линь Бяо нь тэрбум илүү хүнтэй Их гүрний цэргийн дээд удирдлага төдийгүй, хүйтэн дайны түүхийг бичилцсэн хүн мөн бөгөөд түүний эмгэнэлт хувь заяа Трайдент I-E онгоцтой үхлийн холбоотой байсан юм. Их гүрнүүдийн харилцаан дэх хүйтрэл, Хятадын хөгжлийг 15-20 жилээр хойш татсан “ Маогийн соёлын хувьсгал” удирдагчдын хоорондол үл итгэлцэл, зөрчилдөөн зэрэг дарамт шахалт бүхий хүчин зүйлүүдийн дундаас зугатан гарсан маршал Линь Бяогийн үхэлд ЗХУ, БНХАУ хоёр хүч хавсран оролцсон нь тодорхой юм.
Трайдент I-E онгоц
No photo description available.
Англи улсад үйлдвэрлэсэн “Трайдент IE” 256 дугаар бүхий онгоц нь БНХАУ-ын агаарын цэргийн нисэх хүчний цэргийн тээврийн онгоц байсан юм. Онгоцны хүндийн жин 61700 кг, талдаа 24 цонхтой, 80 орчим хүний суудалтай “Роллс Ройс Спей” маркийн тийрэлтэт 3 хөдөлгүүртэй, 12000 метрийн өндөрт 4550 кг ачаа, 21780 кг шатахуун агуулан цагт 680 км-ын крейсерийн хурдтай, 4000-5000 км буулгүй нисэх чадалтай. Уг онгоцыг тээврийн аль ч зориулалтаар ашиглаж болох юм. Онгоцон дотор “Стар” маркийн хэт богино долгионы радио хүлээн авагч, “Атом” маркийн цаг уурын радиолокатор, “Марко-6407” маркийн чиглүүлэн дохиологч радио хүлээн авагч, онгоцыг автоматаар жолоодох автопилот, түлшний зарцуулалтыг автоматаар хэмжиж тооцоолон бодох электрон машин, онгоцны эвдрэлийг автоматаар дохиологч аппарат дамжуулагч станцуудтай байжээ. Английн “Хуакер Сидлей авэйшн” гэдэг онгоц үйлдвэрлэх компанид хийж Пакистанд худалдагдсан болох нь бас нотлогдожээ.
“Трайдинт IE” маркийн онгоц нь 1965 оны 5 дугаар сарын 12-ноос 1969 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл Пакистаны олон улсын агаарын тээврийн “PIA” компанийн мэдэлд иргэний тээврийн зориулалттай “АР-АТL” дугаартай ашиглагдаж байсан нь атертатуудын схемийн тэмдэглэлээс илэрхий байжээ. Уг онгоцыг 1969 оны сүүлчээр Хятадад худалдагдсан байх гэсэн дүгнэлтэнд хүрсэн. БНХАУ-ын агаарын таних тэмдэг бүхий 256 дугаартай онгоцыг Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн хэрэгцээнд ашиглаж байсан нь хэргийн газраас олдсон олон тооны эд мөрийн баримт, тэдгээрт хийсэн шинжилгээ судалгаагаар нотлогдсон байна. Уг онг оц сүйрэл болсон урьд өдөр буюу 9 дүгээр сарын 12-ны 06 цагт шөнийн нислэгээс буугаад 3200 литр шатахуун авсан тэмдэглэл олдсон нь хүрэлцээтэй бензинтэй байжээ гэдгийг гэрчилнэ. Тэгэхээр энэ онгоц яах аргагүй цэргийн тээврийн бас дээд дарга нарын хөлөглөдөг суудлын онгоц байсан юм. Энэ бүхнийг нотлох баримт хэргийн газар хүрэлцээтэй байжээ. Уг онгоц ихэвчлэн шөнийн нислэг хийж байжээ. Тухайлбал, 9 дүгээр сарын 2, 6, 7, 8, 9, 10, 12-ны өдрүүдэд оройн 18-21 цагаас өглөөний 6-9 цаг хүртэл шөнийн нислэг хийж байсан хөдөлгөөний бүртгэл байдаг.
Трайдент гэдэг нэр нь 3 хөдөлгүүрт гэсэн утгатай бөгөөд Хятадууд түүнийг сэрээтэй, монголчууд 3 салаа шортой зүйрлэдэг. Энэхүү учир битүүлэг үхлийг тээгч Трайдент онгоцны 3 салаа хөдөлгүүрийн нэгийг Өвөр Байгалийн цэргийн тойргийн нисдэг тэрэг ЗХУ-ын Чита муж руу авч одсон нь ямар учиртай юм бол? Хятадын элчин Сюй Вэнь И-г 1971.09.15-ны өглөө товлосон цагтаа хэргийн газар ирэхийг нь саатуулан байж, Зөвлөлтийн цэргийнхэн нөгөө ЗХУ-д үйлдвэрлэсэн нам дор нислэгийн багаж бүхий моторыг салган авч ачиж явжээ. Үдээс хойш нь буюу 1971.09.13-ны 16 цагт ирсэн Хятадын элчин сайдын яамны ажилтнууд нислэг техникийн нарийн мэдлэгтэй хүмүүс биш байсан тул сүйрсэн онгоцыг очиж үзэхдээ нэг мотор нь ор тас алга болсныг анзаараагүй өнгөрсөн билээ. Тэрхүү онгоцны моторт нэмж угсарсан нам дор нислэгийн хэмжүүр багажийг ЗХУ-ын хилээс гадагш гаргадаггүй байсан учир түүнийг хятадын онгоцонд хэрхэн олж тавьсан тухай Москвад дээгүүр түвшинд авч хэлэлцсэн гэж хожим Зөвлөлтийн цэргийнхэн ярьсан байдаг юм.
Юу ч гэсэн Зөвлөлтийнхэн Англид үйлдвэрлэсэн Трайдент I-E онгоцны моторыг салган авч явсан нь түүнийг техникийн үүднээс судлахад ашигтай байснаар зогсохгүй, тэрхүү моторт угсраастай байсан зөвлөлтийн хийцтэй багаж хэрэгслийг хамтад нь авч уг хэрэг дэх өөрсдийнхөө оролцооны эд мөрийн баримтыг арилгаж чадсан нь тодорхой байна.
Эх сурвалж: Новости Монголии сонин 2001 он /Өөрийн цуглуулга/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen