Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр, шөнөгүй санаа зовж байгаа бараг ганц хүн нь би

Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр, шөнөгүй санаа зовж байгаа бараг ганц хүн нь би

 

Түгжрэлийг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооныхон боловсруулж байна. Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Түгжрэлийг бууруулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр багцалсан хуулийн төслүүдийг боловсруулж байна. Одоогоор 18 хуулийн төслийг боловсруулж байна. Олон асуудлыг хамарч байгаа учраас ажиллагаа их орж байна.

 

Түгжрэлийг захиргаадаж шийдэх боломжгүй. Хүний эрхийн асуудал ч хурцаар хөндөгдөнө. Иймд хуулийн арга замаар зөвөөр зохицуулах нь чухал юм. Багц хуулийн төсөл дотор түгжрэлийн бүс тогтоох, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн асуудал, захиргааны байгууллагуудын үүргийг ч тодорхой болгож, талуудын оролцоог хангасан байдлаар боловсруулж байна. Түгжрэл бол төвөгтэй асуудал. Ямар ч шийдвэр гаргасан байсан гэсэн олон нийтийн 50 хувийнх нь дэмжлэгийг авдаггүй. Тухайлбал, түгжрэлийн бүс тогтоох, төлбөр хураамжтай болгох шийдвэрийг бусад улс оронд хэрэгжсэн түүхийг харвал 60-70 хувийнх нь дэмжлэгийг аваагүй, эсэргүүцэлтэй байсан. Гэхдээ дараа нь бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Манайд түгжрэлийн голомтууд бий. Бага тойруу, Зайсан, Яармаг, Саппоро, Баруун, Зүүн дөрвөн зам зэрэг түгжрэлийн бүс бий” гэлээ. Мөн түгжрэлийг бууруулахын тулд хийх бүтээн байгуулалтын талаар хэлэхдээ “Шинэ тойрог замын төсөл, нүхэн гарцаас эхлээд зам дээр томоохон ажлууд хийхээр ярьж байгаа. Мөн замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалт дээр RFID системийг ашиглахаар угсраад дуусаж байна. Уншигч суурилуулах, программ хангамжаа сайжруулах асуудал үлдэж байна. Үүн дээр дөрөвдүгээр сарын 1-н гэхэд нэлээд ажлыг хийнэ. Үндэсний хорооноос дараагийн ажлаа олон нийтийн ухамсар санаа бодолд нөлөөлөх байдлаар ажиллана гэж бодож байгаа. Түгжрэлийг хэн нэгэн этгээд эсвэл аль нэг байгууллага хийчихдэггүй” гэсэн юм. Мэдээлэл өгөх үеэр нь түүнээс сэтгүүлч “Та нийтийн тээвэрт сууж үзсэн байх шиг байсан, тийм үү?” гэж асуусан юм.

 

Уг асуултад сайд Ж.Сүхбаатар “Энэ бол намайг доромжилж байгаа асуудал. Нийтийн тээврийн асуудлыг яривал, Канадад би нэг хэсэг амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Чингэлтэйд “Bluebus” гэж манай компани явдаг, сонгуулийнхаа үеэр ч түүгээр явж байсан. Манай ээж нийтийн тээврийг удирдах газарт насаараа ажилласан хүн. Би хүүхэд байхдаа автобусны жолооч нарын дунд өссөн хүн. Автобусны амьдрал мэддэг учраас есдүгээр сард гарч ирээд нийтийн тээврийн асуудал №1 юм байна гэхэд маш олон хүн намайг буруу харж байна гэсэн. Түгжрэл нийтийн тээврээс болоод байгаа юм биш, зам, орц гарцаа бод, худалдаа үйлчилгээг анхаар гэж байсан.

 

Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд өдөр шөнөгүй, өглөө босоод санаа зовоод, орой унтахдаа санаа зовж байгаа хүн Монголд бараг сайд би ганцаараа байгаа биз дээ. Би илүү их мэдээлэл авч байна, жолооч нартай уулзаж байна. Зорчигч нэгтгэл, хувийн компаниудтай уулзсан. Автобусуудаар явж байна, зогсоолуудаар нь ч явж байна. Өнөөдөр хийгдэж буй ажлын үр дүн магадгүй хэдэн сарын дараа гарна. Жолоочийн цалин хөлс, авто бааз, автобусны зогсоол, маршрут гээд энэ олон асуудал бүгд намайг томилогдохоос өмнө нийтийн анхааралд ороогүй, төрийн бодлогод болоогүй, хотын асуудал гээд орхигдсон байсан. Тэгэхээр автобусанд сууж үзсэн үү гэдэг чинь хувь хүн рүү чиглэсэн яриа. Автобусны талаар надаас илүү мэдэж байгаа хүнтэй мэтгэлцэхэд би бэлэн байна” гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen