Б.Болор-Эрдэнэ: Урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр суурь сүүлийн өдрүүдэд олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
Тэрбээр хэлсэн үгтэй холбогдуулан өөрийн албан ёсны цахим хуудаснаа тайлбар гаргажээ.
Б.Болор-Эрдэнэ:
-Та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Амралтын өдрөөр 2021 оны аравдугаар сард буюу нэг жилийн өмнө миний оролцсон хурлын бичлэгээс тастаж авсан хэсгийг олуулаа ярилцлаа. Би энэ талаар өөрийн байр суурь илэрхийлж, бодит үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм.
Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна.
Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй! Баярлалаа.