Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

 

Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

 

Оюутан цэргийн бүртгэлийн "e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалах яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "e-mongolia” платформ дээр 2022 он гарснаас хойш хийгдэж буй томоохон ажлын талаар товч танилцуулга өгсөн юм.

Тэрбээр "2022 он гарснаас хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем "e-Mongolia” төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан. Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг "Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна.

Үүний зэрэгцээ, бид ирэх 3 дугаар сарын 1-нд "Оюутан цэргийн бүртгэл” -ийг цахимаар буюу "e-Mongolia”-р дамжуулан авах гэж байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны 01 дүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс  тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох "Оюутан цэргийн бүртгэл” цахимаар хийхээр болоод байна.

Оюутан цэргийн бүртгэл "e-Mongolia” системд 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр нээгдэж, 2022 оны 03 дугаар сарын 10 өдөр хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн долоо хоногт бид 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Зөвхөн Улаанбаатар хот цахимжих нь хангалтгүй улс орон даяар цахимжих шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар бид 8 аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан байгаа. Ирэх 3 дугаар сарын 1-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлдэж байна. Энэ багууд нь тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Энэ долоо хоногийн Баасан гарагт бид 21 аймгийн Засаг дарга болон мэдээллийн технологийн ажилтнуудтай онлайнаар хуралдана. Энэ хурлаар Цахим жишиг аймгийн үзэл баримтлалыг танилцуулна. Тус үзэл баримтлалд олон улсын судалгаа, Монголын "e-Mongolia” -г хэрэгжүүлсэн судалгаа, Эстонийн Цахим засаглалын академитай хамтарсан моделиудыг ашиглан 21 аймгийн цахимжуулах загвар гаргасан байгаа. Цахимжилтийн явцад ямар өөрчлөлт орж буйг тухай бүрд нь мэдээлэл өгөөд явах болно” гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen