Та гарцаагүй ЛУЙВАРДУУЛНА гэж анхааруулаад байхад...
Богино хугацаанд их хэмжээний ашиг олох гэсэн сонирхолдоо хөтлөгдөөд санхүүгийн луйврын хохирогч болсон иргэдийн тоо нэмэгдсээр байна. Уг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн зохицуулагч байгууллагуудын зүгээс олон нийтэд хандан сэрэмжлүүлэг мэдээллийг цөөнгүй хүргэдэг. Залилангийн схемийн нийтлэг шинж нь богино хугацаанд эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг хүртэх амлалт өгөх, гишүүнчлэлийн хэлбэрээр дороо хүн элсүүлснээр урамшлуулал авч санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг боломжийг олгодог болохыг хэвлэлүүд ч анхааруулан нийтэлдэг.
Гэвч иргэдийн санхүүгийн боловсролын дутуу гучуу байдал, эхэнд хэлсэнчлэн богино хугацаанд их ашиг олох гэсэн хүсэл сонирхол нь луйварчдад боломж олгосоор байгаа нь харамсалтай. Арван хэдэн мянгуулаа “Жи Тайм” сүлжээнд хамаг байдаг хөрөнгө мөнгөө оруулаад, хулхидуулчихсан бараан үйл явдлын дуулиан намжаагүй байхад койны халуурал явагдаж, араас нь “Бэлтэс Мөрөн”-гийн гэх шинэ луйврын хэрэг нэмэгдчихээд байна.
Тухайлбал, толгойтой бүхэн шахам койн ярьж, улайрч байх үед Монголбанкнаас зах зээл дээр зохицуулалтгүй байгаа шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцохыг зөвлөж байсан. Хэн нэгэн хүн 100 төгрөгөөр койн авлаа гэж бодоход, тэр хүн өөр нэг хүнд 150 төгрөгөөр зарж байж л ашиг олно, авсан хүн нь дараагийхаа хүнд 200 төгрөгөөр гэх мэт зарах ёстой болно. Тэгэхээр энэ процесс хэзээ нэгэн цагт дуусна гэдгийг сануулж, анхааруулсаар байсан. Гэсэн ч иргэд, олон нийт гоё нэртэй койнуудад хөрөнгөө оруулах сонголт хийснийхээ горыг өнөөдөр бодитоор мэдэрцгээж буй юм.
Санаачлан, сэдэгчид нь өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж буй IHC койн дээр жишээлээд аваад үзэхэд, анхдагч зах зээлийн арилжаагаар 20 орчим мянган хэрэглэгчийн халааснаас 30 тэрбум төгрөгийг нь авч чадсан. Тухайн үед иргэдийн халааснаас гарсан энэ их мөнгө яг хаана, хэнд байршиж байгаа вэ гэдэгт арилжааны дараа хяналт тавих хууль эрх зүйн орчин байхгүйг холбогдох байгууллагуудын зүгээс анхааруулсаар л байсан.
Гэсэн ч цөөнгүй иргэдийн хувьд хэвлэл мэдээллээр гарч буй сэрэмжлүүлэг мэдээллүүдээс илүү богино хугацаанд гялс ашиг олоод мөнгөө татчихъя гэсэн хүсэл сонирхол нь шийдвэр гаргах үндсэн хөшүүрэг нь болсон учраас өдгөө олноороо хохирогч болоод байна.
Мөн эхэнд дурдсан “Бэлтэс Мөрөн”-гийн луйврын хэргийн хохирогч болсон иргэд ч мөнгөө хэд дахин нугалж өсгөх гэсэн хүсэл сонирхолдоо автаж, сэрэмжлүүлэг мэдээллүүдийг үл тоосны улмаас өнөөдөр хүнд байдалд орцгоочихоод буй юм.
Ер нь бол санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизм хувьсан өөрчлөгдөж, ялган таних, тогтоон илрүүлэхэд хүндрэлтэй болж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.
Сүүлийн үед мэргэжлийн бус этгээдийн зүгээс цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан бизнесийн байгууллага, нийгмийг хамарсан төсөл болон иргэд, олон нийтэд чиглэгдсэн богино хугацаанд, хялбар аргаар өндөр өгөөжтэй эх үүсвэр хөрөнгө татан төвлөрүүлэх, хямд өртөг бүхий зээл санхүүжилтийг амласан бусдыг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа нэмэгдсээр байгаа нь ирээдүйд бий болох санхүү, төлбөрийн чадварын бодит эрсдэлийг дагуулж байгааг СЗХ-ноос анхааруулж байсан. Түүнчлэн аливаа хөрөнгө оруулалт хийх, зээл санхүүжилт авах шийдвэр гаргахдаа тухайн үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөлд хамаарсан эсэх, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар санхүүгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогч байгууллагад хандан зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт нь авахыг зөвлөж байдаг ч, мянга мянган иргэний хувьд зөвхөн их ашиг олох гэсэн хүсэлдээ дийлдэж, хохирогч болцгоосоор байна.
https://news.zindaa.mn/4dgf