Мэндлэн золгох ёсон
Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өглөө нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөнө. Гэр бүлийн гишүүд эхлээд өрхийн тэргүүнтэйгээ золгоно.
Хөдөө газарт бол хот айлын ойр орчмын өндөрлөг уул толгойн орой дахь овоон дээр гарч, цай сүүнийхээ дээжийг өргөөд нэн ялангуяа төрийн сүлд аль зүгт байна тэр зүгт голдуу сацал идээгээ өргөдөг.
Энэ бол монголчуудын төрөө дээдлэх уламжлалтай холбоотой. Үүний дараа аав, ээж болон хамгийн ахмад настныдаа очиж золгодог. Монголчуудын энэ ёслол бол ахмад настнаа хүндэлж буйн илэрхийлэл болно. Ахмад настантай ивээл жилтэй хүн түрүүлж амар мэндийг нь асууж золгодог.
Амар эрэх нь монголчуудын хувьд их утга учиртай. Хүүхэд 13 наснаас эхэлж хүний амрыг асуудаг. Насаар залуу нь "Та амар байна уу”, "Та амар айлдаж байна” гэхчлэн мэндчилнэ. Үүнийх нь хариуд "Мэнд ээ, амар сайн уу" гэж ахмад настан нь хэлээд золгодог. Түүнээс ахмад настан нь дүүмэд хүнийг "Амар байна уу” гэж мэндлэх учиргүй юм.
Нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Эхнэр, нөхөр хоёрыг бие, сэтгэл нэгэн ертөнц гэж үздэг тул хоорондоо золгодоггүй. Мөн давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэгтэй холбоотой.
ХАДАГ БАРИН ЗОЛГОХ ТУХАЙД
Хадаг барьж золгох, хадагтай золгох гэж хоёр өөр юм. Цагаан сарын золголтын хадаг голдуу цагаан өнгөтэй байдаг. Дээр үед бол хурганы арьсаар голдуу золгож байсан гэдэг. Хадгаа гурав нугалаад амыг нь золгож байгаа хүн рүүгээ харуулж, баруун гарынхаа ядам хуруунд хадагныхаа үзүүрийг гурав ороон доош нь унжуулсан бол хадагтай золгож байгаа юм. Энэ нь хадаг өгч байгаа юм биш зүгээр л хүндэлж золгож байна гэсэн үг.
Харин хадгийг эрхий хурууныхаа угт тулгаад дэлгэн золгож байгаа бол энэ хадгийг танд өргөж байна гэсэн үг. Ихэвчлэн төрсөн аав ээж, өвөө эмээ гэх мэт их ойрын хүндээ, эсвэл номын багшдаа хадаг барьж золгоно.
Ингээд золгосныхоо дараа хөөрөг зөрүүлж мэндчилнэ. Цагаан сараар тухайн жилийнхээ амжилт ололтыг ярилцаж, бэлгэ ерөөлтэй үгсийг хэлэлцдэг үе. Хөөрөг солилцдогийн гол утга нь баярын бэлгэдэлт өдөр бие биедээ эрдэнийн зүйлийг харилцан бэлэглэж байна гэсэн утгатай агаад тухайн жилдээ эд, эрдэнээр элбэг байгаарай гэсэн утгыг агуулдаг.
ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ ҮГ:
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон, би /Хадаг барин золгоно/