Pentwater: 2030 он гэхэд “TRQ”-ийн мөнгөн хөрөнгийн урсгал C$10.5 тэрбум болох төлөвтэй
“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 2.4 хувиар буурав
“Pentwater Capital Management” компани “Turquoise Hill Resources”-д эзэмших хувиа нэмэгдүүлсний дараа “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 2.4 хувиар буурлаа.
Тус компани “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 11.67 хувийг эзэмшдэг байсан бөгөөд тус компанийн 2.5 сая ширхэг энгийн хувьцааг, нэгжийг нь 41.01 канад доллароор худалдан авснаар эзэмшлийн хувь нь 13.77 хувь болоод байна.
“Ногоон эдийн засаг”-ийн шилжилттэй холбоотойгоор урт хугацаанд зэсийн эрэлт, үнэ өснө гэж “Pentwater Capital Management”-ийн үзэж байгаа аж. Тиймээс зэсийн үнийг фунт нь 3.5 ам.доллар гэж үзвэл 2030 он гэхэд “Оюу Толгой” төслөөр дамжуулан “Turquoise Hill Resources”-ийн мөнгөн хөрөнгийн урсгал 10.5 тэрбум канад доллар болно гэж тооцоолсон байна.
Харин фунт зэсийн үнийг дөрвөн ам.доллароор тооцвол мөнгөн хөрөнгийн урсгал нь 14.2 тэрбум канад доллар болно гэж тооцоолжээ. Үүнээс “Pentwater Capital Management” компани “Оюу Толгой” төслийн хэтийн төлөв, үр ашгийг өөдрөгөөр харж байгаа нь харагдаж байна. Мөн “Rio Tinto”-ийн 3.3 тэрбум ам.долларын саналыг хангалтгүй гэж үзээд байгаа юм.
Энэхүү хэлцэл амжилттай болохын тулд “Turquoise Hill Resources”-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёр нь саналыг дэмжих ёстой. Мөн “Rio Tinto”-ийг хасаад бусад хувьцаа эзэмшигчийн талаас илүү хувь нь дэмжих шаардлагатай байгаа ажээ. “Pentwater Capital Management”-ийн хувьд санал хураалтад бэлдэж, эзэмшлийн хувиа нэмэгдүүлсэн болов уу гэж харагдаж байна.
https://bloombergtv.mn/news/g1js5